sonin.mn
МОСКВА. /NHK/. Спортын эсрэг улс төрийн кампанит ажил явуулж байна гэж барууны улсуудыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэмлэн буруушаалаа. Лхагва гарагт Москва хотод болсон Оросын Олимпын баг тамирчдыг үдэх ёслолын үеэр В.Путин үг хэлсэн байна.
 
В.Путин тамирчдад хандан хэлэхдээ “олон улсад улс төрийг удирдан захирдаг дүрэм журмууд спортын ертөнцөд мөрдөгдөж байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “олон улсын спортын холбоод тамирчдад шударгаар хандаж, Оросын сэргээшийн шинжилгээнд унаагүй тамирчдыг Олимпын наадамд оролцохыг зөвшөөрөх ёстой” гэсэн байна.
 
Тодорхой болзлыг хангасан Оросын тамирчдыг Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд оролцохыг зөвшөөрөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Олон улсын Олимпын хороо гаргасан юм.
 
Дээрх үдэлтийн ёслолын үеэр тулгууртай харайлтын Олимпын хошой аварга Елена Исинбаева үг хэлжээ. Тэрбээр “Рио-2016”-д оролцох эрхээ хэдийн хасуулаад байгаа билээ.
 
Тамирчин бүсгүй нулимсаа тэвчин хэлэхдээ “Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Олимпод оролцохыг маш бүдүүлэг байдлаар хориглолоо. Бидэнд өөрсдийгөө хамгаалах боломж олгосонгүй” гээд Олимпод оролцох тамирчдадаа ялалт авчрахыг хүсэн ерөөжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг