sonin.mn
-Алдарт хурандаа Рүстемийн Ханатын тухай-
 
Эх орон газар шорооны төлөө тэмцсэн түүнийхээ төлөө алтан амиа өргөж, үүрэг биелүүлж ирмэгц хэлмэгдсэн, хардлага сэрдлэгэд өртсөн эр цэргүүд казахуудын дунд ч цөөнгүй бий. 
 
Эх орны төлөө гавьяатай гавьяагүй мөртлөө эх орончийн дүрд тоглодог, хувилдаг, худал гөрддөг ч этгээдүүд мэр сэр байгаа нь нууц биш. Муу эр дайн дуусмагц хөөрнө гэдэг дээ! Одоо хэр зарим нөхөд өөрийгөө "мятаршгүй" эх оронч байсан мэтээр сурталдаж худал цуурхал тараасаар алдартнаар хувирч байх шиг.
 
Монгол улсын батлан хамгаалах үйл хэрэгт үнэнч байсан, хил хамгаалах үүргээ хоёргүй сэтгэлээр хандсан ч нэр нь тодроогүй "Онц хилчин" тэмдэггүйчүүд санаснаас ч олон байсан байхаа. Тэрхүү жирийн сайхан ардын эгэл гэгчийн нэгэн бол Рүстемийн Ханат хурандаа мөн. Тугандаа жанжин Сүхбаатарын одон зүүсэн ЦЕДС-ийн сонсогч байхаасаа хамаг Ардын Армидаа бол авааль эхнэр Күлашайгаасаа илүү хайртай түүнийг хатан зоригтон нэгэн гэж хоосон нялуураад ч яахав.
 
Рүстемийн Ханатыг язгуур удам сайтай гэж олон хүн хүндэтгэн хайрладгийн учир түүний эцэг Рүстем нь анхлан Дэлүүн сум байгуулахад 1940-өөд онд тус сумын сургуулийн захирал, сумын нарийн бичгийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байсан тухайн үеийн шинэчлэгч нэгэн. 
 
Р.Ханатын нагац өвөө нь бурханы бишрэлт сүсэгтэн агаад будант тэнгэрийг аргадан цэлмүүлж, булгийн усыг урсгадаг гэх алдартай нэгэн байж. 1938 онд эсэргүүний хэрэг тулгагдаж Булган голын эрэг хавьд баригдаж явах замдаа До яамныханд өчиггүйгээр буудуулж алагдсан Жиынди овогтой Күдери молла болой. Өөрөөр хэлбэл Ханатын ээж нь тэрхүү эсэргүү Күдери моллагийн ганц охин юм.
 
Р.Ханат "жинхэнэ" тодотголтой цэргийн дарга явав. Будаг нь ханхалсан шинэ дэгжин дэслэгч байхад гандсан цамцныхаа захыг халуун индүүгээр гөлийтөл дарж, калфитай өмд өмсөн, орос хромон гутал жийж явсан түүнийг хурандаа генерал Ж.Ёндон гуай харснаа "Казах залуу дарга Канат шиг бай..." гэж жишээлэн ярьсан удаа олон л гэх.
 
Буурал генералын бурхан үг түүнд даль жигүүр ургуулж бусдаасаа ялгарч илүү гялалзахад хүргэсэн нь мэдээж. Ханат хэмээх нэрийг нь үгчлэн орчуулахад "даль жигүүр" гэдэг утгатай л даа. 
 
Тэртээ социалист үед л дээ салаагаа гурван жил дараалан онц сургаж хамаг ажил үйлсээрээ шалгарч Р.Ханат нь дэлхийн залуусын хамтаар Кремлийн Улаан талбайд хөл тавьж , Москвагийн 1980 оны олимпийг үзэж явсан нь саяхан мэт билээ. Хувийн аз жаргал, сайн сайхнаа умартан хугараагүй ноён нуруутай хурандаа явсан нэгэн түүнийг армийнхан андахгүй дэг.
 
1981-1983 онд Өмнөговьд их бууны командлагч, 1983 оноос хуучин нэрээр ЗХУ-ын Санкт-Петербургт Цэргийн артиллерийн академид суралцаж ирмэгц Зүүнбаянгийн 126-р нэгтгэлд артиллерийн штабын даргын алба хаасан тэрбээр 1986-1993 он хүртэл Эгэм манхан талаар нэг хэсэж элстэй мах идэн мартагдсан туг шиг гандуу явахдаа угаасаа төрөлхийн заяамал унаган араншингаа гээгээгүй явж дээ. Оросын цэргийн номлолоос умдаалан эртний Петрийн их бууны нээлтийн судар түүхийг судлан сурсан түүнд цэргийн амьдрал улам л сонирхолтой байсан нь лавтай.
 
Монголыг сэрээсэн морийн жилийн нялх ардчилал хонхны дуугаа жингэнүүлэхэд Р.Ханат нь бригад, дивиз командалж өөрийгөө ирлэж өсгөсөн Зэвсэгт хүчнийхээ анги салбараасаа хором ч урваагүй. 
 
Байлдагчаасаа эхсүүлээд хурандаа нар, бүр генералуудын бага бус хэсэг нь хараал тавьж хог цуглуулан ганзагын наймаанд хар амиа хоохойлж явахад өөрийн өвөрмөц сэтгэлээр өөрийн итгэл үнэмшил, инерцээрээ үлдсэн цөөхөн хурандаа нарын нэгэн энэхүү хасаг дарга Р.Ханат л юм.
 
Монгол цэргийн номлол, улсыг батлан хамгаалах шинэ үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бодит боломжийг хилийн чанадад мэдрүүлэхийн тулд тэрбээр 2004 оноос Афганистанд Артиллерийн сургалтын 2-р ээлжийн захирагчаар явсан нь тухайн үед бахдам гавьяа байж.
 
Р.Ханат нь энэхүү амжилтаараа зогссонгүй 2008 онд дахиад хилийн дээс алхаж бас л Афганистанд сургалтын багийн 8-р ээлжийн захирагчаар үүрэг гүйцэтгэж Америкийн цэргийн баазтай хаяаа нийлүүлэн сууж, долоон cap гаруй үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.
 
Тэрбээр амьдралаас дандаа сайн сайхан бүхнийг нэхэж амьдраагүй нь гайхалтай. Монгол цэргийн жанждаас хурандаа генерал Ж.Ёндон агсныг хүндэтгэн биширдэг нь түүнд их зүйл хайрласан бололтой. Бүтэн явсан, бүтээж явсан ясны цэргийн хүн хэн бэ гэвэл Р.Ханатын нэр нь юуны өмнө санаанд буудаг.
 
Улс төрөөр хөөрцөглөн хөлчүүрэн, эрхтэн ямбатны эрэлд хатаж, томчуудын нөмөр нөөлөг бараадан дээдэст ойртох боломжуудын нэгийг ч сонгоогүй түүний араншин бас л сонирхолтой. Удмаараа сэхээтэн гаралтай, өөрийн хүүгээ хүртэл өөрийн замаар замнуулахыг хүссэн нь тийм ч бага хэрэг биш юм. 
 
Түүний хүү Ханатын Абай нь одоо хошууч цолтой нэгэн болж төлөвшиж буй. Аавынхаа явсан замаар Афганистанд үүрэг биелүүлж, Сьерлионд хатуужиж, Иракийн гал дундаас Монгол цэргийн гайхамшгаар хатуужсан, Өмнөд Суданы баруун этгээдийг ажиглан элсэн цөлөөс цэргийн эрдмийг эрж хайсан энэ залуугийн замын хүзүү урт. Мөн аавынхаа амжилтаар удаан хугацаанд замнан залгамжилж явах нь гарцаагүй.
 
Сүүлийн жилүүдэд Монголын Зэвсэгт Хүчинд "Бригадын" гэх тодотголтой генералууд цөөнгүй төрж байгаа. Гэтэл генералын алтанхан мөрдөс хасаг даргад олдсонгүй. За яахав гэе. Дэвэн дэлхийд дэмжлэггүй үлдсэн хүн бол "дэлхийд ганц Дэлүүний” Рүстемийн Ханат биш дээ гэхсэн. Яг үнэндээ хасаг болон төрсөн л бол төдийлөн орон зайгүй болоо юу даа гэсэн эмзэглэл байгааг нуух юун.
 
Бүр заримдаа хашаа хайс хадаж, чулуу ховхолж, шуудуу ухаж, овоо босгож, жагсаалын талбайгаасаа хоромхон ч холдож үзээгүйчүүд, хов жив өрнүүлэгчид хүртэл генералын мяндагт хүрч, хоосон магтаалд умбаж байхад удам язгуур гарал нь ариун дагшин, хийж бүтээсэн үйл нь тодорхой эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй ирсэн Р.Ханат хурандаа тэргүүтэн нь даанч тоогдолгүй суух юм даа.
 
РАХМЕТИЙН СУРАГАН
МУСГЗ, нийтлэлч, түүхийн ухааны доктор (PhD)