sonin.mn
Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлын талаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Д.Батсүхтэй ярилцлаа.
 
-Үндсэн хуулийн хяналтын тогтолцоо манай улсад ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?
 
-Үндсэн хуульт ёс бол хүний эрх, улс үндэстний бүрэн эрхт байдал, төрийн эрх мэдлийг хуваарилах, чөлөөт, ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох эрхийг хангах зэрэг зарчмыг баталгаажуулсан.
 
Мөн эдгээр зарчмыг ямар хэмжээнд хүлээн зөвшөөрснөөр Үндсэн хууль ёсны баталгаа илэрхийлэгддэг. Олон улсын хэмжээнд баримтлагддаг Үндсэн хууль ёсны зарчмууд 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн тусгалаа олсон.
 
Энэ шинэ Үндсэн хууль манай улсад Үндсэн хуульт ёс бүрэн тогтож чадсаны баталгаа болдог. Үндсэн хуульт ёс оршин тогтнох, хэрэгжих суурь баталгааны нэг нь Үндсэн хуулийн хяналтын тогтолцоо. Энэ механизмыг бий болгосон нь 1992 оны Үндсэн хуулийн шинэлэг тал байсан.
 
Энэ хуулийн тавдугаар бүлгийн зохицуулалт нь манай улс дахь Үндсэн хуулийн хяналт, түүнийг хэрэгжүүлэх, байгууллагын зохион байгуулалт, бие даасан байдлын эрхзүйн үндсийг бүрдүүлж өгсөн.
 
Тухайн үед манай улс Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог сонгохдоо дэлхийд байдаг хэд, хэдэн тогтолцоо буюу Үндсэн хуулийн тусгайлсан шүүхтэй байх, Улсын дээд шүүх нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг байх, эсвэл Үндсэн хуульд хяналт тавьдаг Францын загвар буюу зөвлөл ажиллуулах гэсэн хэлбэрүүдээс Үндсэн хуулийн шүүхтэй байх тогтолцоог хэрэглэсэн.
 
Манай улсын Үндсэн хуулийн шүүх бол Цэц. Үндсэн үйл ажиллагаа нь тусгай шүүхийн зарчмаар ажилладаг. Үндсэн хуулийн шүүх хэрэгжиж эхэлсэн түүх богино боловч Үндсэн хуулийн цэцийн буюу шүүхийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг асар өндөр гэж хуульчид ярьдаг.
 
-Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд хуульчдын оролцоо хэр байна вэ?
 
-Сүүлийн 10 жил Үндсэн хуулийн цэц анхан шатны журмаар 98 маргааныг хэлэлцсэн. 70 маргаанд нь буюу нийт шийдсэн маргааны 71 хувьд нь хуульчид оролцсон байдаг. Энэ тоон үзүүлэлтээс харахад манай хуульчид Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог оролцоо, идэвх харьцангуй сайн байна.
 
Үндсэн хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл, гомдол гаргах эрх иргэн бүрт байдаг. Энэ дотроо хуульчид идэвхтэй оролцож байгаа нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд чухал. Ингэхээс ч өөр аргагүй.
 
Үндсэн хууль маань хүний эрхийг баталгаажуулдаг гол эрхзүйн баримт бичиг. Энэ эрхийг хангахад оролцдог хуульчид Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог идэвх оролцоо илүү өндөр байх ёстой гэж үздэг.
 
Дээр дурдсанчлан 70 маргаанд 102 хуульч оролцсон байгаа. Цэцэд нийтдээ  129 иргэн маргаан гаргасан байдаг. Үүнээс хуульчдын оролцоо мэдээж өндөр байгаа ч манай улсад 5400 гаруй хуульч үйл ажиллагаа явуулж байна. Тэдний тоотой харьцуулахад Үндсэн хуулийн цэцэд маргаанд оролцож байгаа хуульчдын хувь хэмжээ чамлалттай.
 
Цаашид Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх, Цэцийн маргаанд оролцох хуульчдын оролцоог нэмэгдүүлэхийг Монголын хуульчдын холбоо анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. 102 хуульчаас гадна маргаанд өмгөөлөгчөөр оролцох хуульзүйн зохицуулалт бий. Ийм тохиолдол 10 жилийн хугацаанд зургаан удаа гарч байсан.
 
-Хуульчдын оролцоог нэмэгдүүлэхэд Монголын хуульчдын холбооны үйл ажиллагаа чухал болов уу?
 
-2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Хуульчийн эрхзүйн байдлын хууль  хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар Хуульчдын холбооны чиг үүрэг, эрх, зохион байгуулалтыг зааж өгсөн. Энэ хүрээнд Хуульчдын холбооны дотоод зохион байгуулалтад сайн дурын хороод ажилладаг.
 
Энэ хороод хуульчдын холбооны зөвлөлд өөрийн төлөөллийг илгээх хэлбэрээр удирдах, бодлогыг тодорхойлоход оролцдог. Тэдгээр сайн дурын хороодын нэг нь Үндсэн хуулийн эрхзүйн хороо. Энэ хороонд өнөөдрийн байдлаар 141 хуульч гишүүнчлэлтэй.
 
Тэд Үндсэн хуульт тогтолцооны талаарх Хуульчдын холбооны бодлогыг хэрэгжүүлэх үндсэн нэгж болон ажилладаг. Нэгдүгээрт, Үндсэн хуульт тогтолцоог хамгаалан бэхжүүлэх, мөн нийгмийн бүх салбарын зохицуулалт бүхий хууль тогтоомжууд, Үндсэн хууль түүний үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг судалж Үндсэн хуульд нийцүүлэх талаар тодорхой үйл ажиллагаа явуулна.
 
Үндсэн хуулийн шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах талаар судалгаа хийх, хуулийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох гээд олон чиглэлээр хуульчдыг мэдээллээр хангах, хорооны гишүүд болон бусад хуульчдыг үйл ажиллагаанд татан оролцуулдаг.
 
-Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
 
-Асуудлуудыг хөндөж яривал олон бий. Энэ оны эхээр болсон нэг үйл явдлаар жишээ татъя. УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.
 
Өөрчлөлтийг оруулахаас өмнө Цэцийн гишүүн хууль зөрчсөн асуудлыг шүүхээр тогтоосон тохиолдолд хариуцлага тооцох хуульзүйн зохицуулалт байсныг өөрчилж, төрийн эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол Цэцийн гишүүнд хариуцлага тооцдог байдлаар өөрчилсөн.
 
Энэ нь Цэцийн гишүүний хараат бус байдлыг маш ноцтой зөрчихөд хүргэсэн эрхзүйн зохицуулалтыг бий болгосон. Тэгэхээр Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудлаас хамгийн том нь Цэц буюу шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах, шүүхийн гишүүд буюу шүүгчдийн хараат бус байдлыг алдагдуулах асуудал тулгамдаж байна.
 
Хуулийн өөрчлөлтийг Цэц хянаж үзээд хоёрдугаар сарын 15-нд Дунд суудлын хуралдаанаар шийдэж Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг парламентаас хүлээн зөвшөөрөөгүй учраас өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр Цэцийн эцсийн шийдвэр Их суудлын хуралдаанаар гарсан.
 
Энэ хуралдаанаар сая хэлсэн хуулийн зохицуулалтыг хүчингүй болгож чадсан. Гэхдээ энэ дунд том процесс болж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, Цэцийн даргыг эргүүлэн татсан. Хоёрдугаар сарын 15-нд Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцийн дүгнэлт гарсан ч дөрөв хоногийн дараа Цэцийн даргыг гишүүнээс эргүүлэн татах асуудлыг парламент шийдсэн.
 
Энэ асуудлыг өнөөдөр хүртэл хуулийн хүрээнд шийдвэрлэж чадахгүй байгаа. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр парламент буюу хууль тогтоогч улс төрийн хүчин өөрийнхөө бодлого зорилгыг хэрэгжүүлэхээр ямар ч хуулийг баталж болдог, түүний хүрээнд юу ч хийж болдог гэсэн үйл явдал тодорхой харагдсан нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагын бие даасан байдалд том эрсдэл байгааг харуулсан.
 
-Үүнээс гадна Цэцийн гишүүд өөрсдөө хараат бус байдлаа хангаж чадахгүй тохиолдол байна шүү дээ?
 
-Энэ асуудал хэдийгээр Цэц Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгочихсон боловч энэ хуулийн заалтыг үндэслээд явсан УИХ-ын шийдвэр нь Үндсэн хуулийн хяналтын хэмжээнд шийдвэрлэж чадахгүй байдалд байсаар байгаа. Цэцийн гишүүнийг Үндсэн хууль зөрчиж эргүүлэн татсан асуудлаар 18 иргэн яг ижил агуулгаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээллийг Цэцэд гаргасан.
 
Энэ 18 иргэнээс 17 нь хуульчид байна. Хуульчид яагаад энэ асуудалд анхаарал хандуулаад байна вэ гэхээр хэрэв Цэц Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагын бие даасан байдал нь алдагдаж гишүүд нь хараат бусаар ажиллах боломжгүй болсон тохиолдолд бид цаашид Үндсэн хуулийн баталгаа, хэрэгжилт байна гэхэд итгэх аргагүй болно.
 
Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал буюу хараат бус, бие даасан байдлыг баталгааг алдагдуулж байгаа хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Нэгдүгээрт, улс төрийн хүчний буюу төрийн эрх барьж байгууллага, албан тушаалтны нөлөөлөл их байна.
 
Хоёр дахь нь дотоодын буюу Цэцийн гишүүд өөрсдөө хараат бус байдлаа хангаж чадахгүй байгаа хүчин зүйлс харагдаж байгаа юм. Хоёр дахь хүчин зүйлсийн тухайд гэвэл Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, тодорхой улс төрийн нөхцөл байдалд тохируулж өөр, өөрөөр асуудлыг шийдвэрлэж байгаа.
 
Үүний нэг жишээ бол дээр хэлсэн жишээ буюу Үндсэн хуулийн цэцийн даргыг гишүүнээс эргүүлэн татсан асуудал дээр дөрөв хоногийн өмнө Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргачихсан хэрнээ дөрөв хоногийн дараа Үндсэн хуулийн заалт зөрчсөн тогтоолыг Цэц өнөөдөр хүртэл хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа нь гол асуудал байгаа юм.
 
Үндсэн хуулийн цэцийн хяналтыг хэрэгжүүлэхэд бас Цэцийн гишүүд өөрсдөө өөрийнхөө хараат бус байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна.
 
Б.ЗАЯА
Эх сурвалж: