sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдаж хүлээж, парламентад есөн суудалтай үлдсэн билээ. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор З.Энхболд АН-ын даргын үүрэгт албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллах болсон юм.
 
Улмаар 7 сарын 18-нд АН-ын ҮЗХ хуралдсан ч намын их хурлыг 12 сарын 6-нд зарлан, намын даргыг сонгох үүргийг их хуралдаа шилжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн АН-ын дарга хэн байх вэ? гэдэг марафон хэдийн эхлээд байгаа.
 
АН-ын лидерүүдийн хувьд УИХ-ын гишүүн хүн намаа удирдах ёстой гэдэг дээр зарчмын нэгдсэн ойлголцолд хүрсэн. Энэ зарчмаар бол Л.Болд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Я.Санжмятав нарын нэг нь АН-ын дарга болох учиртай. Уг нь Л.Болд дээрх кандитатуудаасаа хамгийн боломжит хувилбар нь хэдий ч АН-ын фракциуд өөр бодолтой байгаа бололтой.
 
З.Энхболд тэргүүтэй АН-ын хуучин удирдлагууд С.Эрдэнийг, Н.Алтанхуяг тэргүүтэн Д.Эрдэнэбатыг АН-ын дарга болгох хүсэлтэй байгаа бөгөөд үүндээ хүрэхийн тулд намын их хурлын төлөөлөгчдийг сонгох үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох аж. Өөрөөр хэлбэл АН-ыг  өмнө нь удирдаж байсан бүлэглэл өөрийн фракцийн хүндээ л намын даргын албан тушаалаа өгөхөөр ажиллаж буй бололтой.
 
П.Мандах