sonin.mn
Бүгд найрамдах өмнөд Судан улс дахь (БНӨСУ) дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй зургадугаар ээлжийн мотобуудлагын батальон өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэн жагслаа.
 
Хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай зургадугаар ээлжийн мотобуудлагын батальонд Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтсан бөгөөд бүрэлдэхүүний 40 хувь нь өмнө нь энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай юм.
 
Мөн нийт бүрэлдэхүүний 5 хувь эмэгтэй алба хаагч байгаа юм. Тэд энэ оны зургадугаар сард болсон “Хааны эрэлд 2016” олон улсын цэргийн сургуулилтад оролцож, бэлтгэлээ базаажээ.
 
2012 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчин даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож эхэлсэн. БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд одоогийн байдлаар 5 батальоны 4250 алба хаагч үүрэг гүйцэтгээд байгаа юм.
 
Цагийн байдал хүнд байгаа ч тус улсад Монгол цэргүүд нэгдсэн удирдлага, нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаа явуулж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байгааг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх үеэр онцлов.
 
Тэрбээр, “Бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлийн явцад олж авсан мэдлэг, чадвар, дадлагадаа тулгуурлан олон улсад мэргэжлийн болон цэргийн хэргийн өндөр ур чадвараа харуулж, үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
 
Шинэ цагийн бахархал болсон эх орныхоо нэрийн өмнөөс харь газар эв эеийг сахиулагч эрэлхэг дайчиддаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн яруу алдар үеийн үед бадартугай” хэмээлээ.
 
Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолд 6 ээлжийн бие бүрэлдэхүүны ар гэрийнхэн болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцлоо.
 
Монгол Улс 2002 нооос НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд ажиглагчаар оролцож эхэлсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор 12 мянга 933 алба хаагч БНӨСУ, Ирак, Афганистан зэрэг улсуудад үүрэг гүйцэтгээд байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг