sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Сирийн асуудлаарх ОХУ-АНУ-НҮБ-ын гурван талт хэлэлцээний үеэр тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан гэж Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдэв.
 
Байлдааны ажиллагааг зогсооход ахиц дэвшил гаргах, ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх, терроризмтой тэмцэх арга хэмжээ болон улс төрийн шилжилтийн нөхцлийг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ гэж тэрбээр мэдэгджээ.
 
Мөн тэрбээр энэ удаагийн гурван талын уулзалт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын уулзалттай давхацсаныг онцолсон байна. ОХУ, АНУ-ын дипломатууд Москва хотноо тохиролцсон харилцан ойлголцлыг бэхжүүлэх арга замууд болон тэдгээрт чиглэсэн тодорхой алхмууд хийх талаар ярилцжээ.
 
Женевийн хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарч байгаа хэдий ч ирэх өдрүүдэд юу болохыг ажиглана гэж Мистура мэдэгдээд, ОХУ, АНУ-ын үүрэг оролцоог сайшаасан байна.
 
Бидний зорилго бол Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын гурав дахь шатны хэлэлцээг яаралтай явуулах явдал юм гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг