sonin.mn
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
 
Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Турк зэрэг улсын томоохон хотуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна Олон улсын байгууллагын төлөөлөгчид  ирж  хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм.
 
Тодруулбал, Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн  Монгол дахь суурин төлөөлөгч (GGGI) Жон Лайонс дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бол Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина.
 
Мөн
 
- Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр,
 
- Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” конвенцийн тухай  
 
- БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын Ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр,
 
- БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого зэрэг сэдвээр илтгэл тавих юм.  
 
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.