sonin.mn
БРЮССЕЛЬ. /TASS/. Энэ оны гуравдугаар сарын 22-нд Брюссельд болсон халдлагын улмаас Бельги улсын эдийн засагт 1 тэрбум орчим еврогийн хохирол учирсан гэж тус улсын Эдийн засгийн яам мэдэгдлээ.
 
Террорист халдлагын уршгаар Брюссель орчмын бүс нутаг дахь хувийн компаниудын орлого энэ оны нэгдүгээр улиралд 122,5 сая еврогоор буурсан бол франц хэлтнүүд амьдардаг Валлон мужид 20 сая евро, нидерланд хэлтнүүд оршин суудаг Фландр мужид 33 сая еврогийн хохирол учирсан байна. Харин Бельги улсын төсөвт 760 сая еврогийн алдагдал учирснаар хохирлын нийт дүн 935,2 сая евро болжээ.
 
Ялангуяа зоогийн газрууд, зочид буудлууд болон аялал жуулчлалын салбар, түүнчлэн концерт, багт наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулагчид нэлээд хэмжээний алдагдал хүлээсэн байна.  
 
Харин террорист халдлагын улмаас нийтийн тээврийн үйлчилгээнд саатал гарснаар Брюссель хотын таксины жолооч нарын орлого оны эхний улиралд 6,8 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо бий аж.
 
Сануулан дурдахад, гуравдугаар сарын 22-ны өдөр Брюссель хотын метро болон нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсны улмаас 32 хүн амиа алдсан билээ. Эл халдлагыг Хойд Африкаас Бельгид ирж суурьшсан хоёрдугаар үеийн цагаачдаас бүрдсэн лалын хэт даврагсдын бүлэглэл үйлджээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг