sonin.mn
МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан "Шиньхуа" агентлагийн дарга Ца Минжао мэндчилгээ дэвшүүллээ.
 
Мэндчилгээнд, "Монгол Улсын мэдээллийн агентлагийн дарга А.Баатархуягт:
 
Эрхэм хүндэт А.Баатархуяг танд болон МОНЦАМЭ агентлагийн нийт ажилтан албан хаагчдад тус агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан миний бие Шиньхуа агентлагийг төлөөлөн  болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
 
МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсын мэдээллийн агентлагийн хувьд 95 жилийн турш Монголын ард түмэнд дэлхий дахины мэдээ мэдээллийг бүрэн эрхтэйгээр дамжуулахын зэрэгцээ дэлхийн уншигчид “МОНЦАМЭ” хэмээх энэхүү чухал цонхоор дамжуулан Монгол Улсын бүх салбарын хөгжлийн талаар ойлголт авсаар байна.
 
 Шиньхуа агентлаг нь МОНЦАМЭ агентлагтай 1958 онд хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр байгаа билээ.
 
Мэдээ мэдээлэл болон ажилтан албан хаагчдаа харилцан солилцохоос гадна хоёр тал МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээр хэвлэгдэн гардаг “Мэнгу Шяошибао” сонинтой хамтран ажиллаж, арвин туршлагыг хуримтлуулж байна.
 
Хоёр агентлагийн найрамдалт хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх болон харилцан ойлголцоход идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. 
 
Бид цаашид хамтдаа хичээж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, түүний түвшинг ахиулж, их амжилт олно гэдэгт найдаж байна.
 
Таны удирдлага дор МОНЦАМЭ агентлагийн үйл хэрэг улам мандан бадрахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Таныг хүндэтгэн ёсолсон, Ца Минжао" гэжээ.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг