sonin.mn
Монгол, ОХУ, БНХАУ-ын Төмөр замуудын төлөөлөгчдийн болон Хилийн төмөр замуудын хамтарсан комиссын зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
 
1956 оны Монгол, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээрийн хүрээнд гурван орны төмөр замын удирдлагууд жил бүр уулзаж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцдэг байна. Үүнд төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ технологи, гурван улсын галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт, вагон солилцоо зэргийг хэлэлцдэг аж.
 
Уулзалтын үеэр Монголын талаас ОХУ-д Сүхбаатар-Наушик чиглэлийн галт тэргийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах санал тавихаар төлөвлөсөн байна. Харин БНХАУ-д өдөр тутмын ажил вагон солилцоог эрчимжүүлэх болон ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлд хамтрах санал хүргүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг (“УБТЗ” ХНН)-ын Ерөнхий хороо болон Засгийн газрын төлөвлөгөөний дагуу нэн тэргүүнд төмөр замын техник шинэчлэл хийх шаардлага тулгараад байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөр хөрш орнуудтай дэлгэрэнгүй хэлэлцэнэ гэдгийг "УБТЗ" ХНН-ын Тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаа хэллээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг