sonin.mn
ВЬЕНТЬЯН. /NHK/. АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгисийн маргаан болон Солонгосын хойгийн байдал зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
 
Уг чуулга уулзалт өнөөдөр Лаосын нийслэл Вьентьян хотод эхлэх бөгөөд сүүлийн өдрийн хуралдаанд АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцоно. Мөн АНУ, Япон, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уригджээ. 
 
Энэ удаагийн бүс нутгийн форумын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийг БНХАУ-ын харьяалалд байх ёсгүй гэсэн олон улсын шүүхийн шийдвэрийн талаарх талуудын байр суурийг хэлэлцэх юм.
 
Уг форумын үеэр гаргах мэдэгдлийн төслийг "NHK" агентлаг нийтэлсэн байна. Түүнд дурдсанаар, зарим орнуудын Гадаад хэргийн сайд нар Өмнөд Хятадын тэнгисийн байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Харин уг мэдэгдэлд уг асуудлыг хэрхэн зохицуулах талаар дурдаагүй байна. БНХАУ маргаантай бүсэд хиймэл арлууд байгуулсан билээ.
 
Япон болон АНУ олон улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэхийг БНХАУ-д уриалсаар байна. Харин Солонгосын хойгийн байдалтай холбогдуулан уг мэдэгдэлд, Гадаад хэргийн сайд нарын ихэнх нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтад ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлжээ.
 
Үүнээс гадна Өмнөд Солонгост АНУ-ын пуужингийн системийг байрлуулах асуудлыг БНХАУ эсэргүүцэж байгааг мэдэгдэлд тусгажээ. Мөн зарим орнуудын Гадаад хэргийн сайд нар энэ асуудалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг