sonin.mn
БЭЭЖИН. /VOA/. БНХАУ-ын ихэнх нутагт аадар бороо орсны улмаас үер бууж, 150 гаруй хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болоод байна.
 
Хүчтэй аадар бороонд Хэбэй муж хамгийн ихээр өртсөн бөгөөд тус мужид хамгийн олон буюу 114 хүн амиа алдаж, 111 хүн сураггүй болжээ.
 
Үүний зэрэгцээ 300 мянга гаруй хүн орон гэрээ орхин нүүхээс өөр аргагүйд хүрсэн байна. Мөн аадар борооны улмаас гол мөрөн үерлэж, хөрсний гулгалт болсны улмаас наад зах нь 50 мянган орон сууц эвдрэн сүйджээ.
 
Аадар бороо орох талаар урьдчилан мэдээлээгүй гэж ард иргэд албаны хүмүүсийг буруушааж байна.
 
Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэд дарга Ван Ян гамшгийн үед үзүүлэх тусламжийн асуудлаар үндэсний хэмжээний хуралдаан хийж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг эн түрүүнд тавьж, хүнсний хяналтыг чангатгахыг мужийн Засгийн газруудад даалгажээ.
 
Хятадад борооны улирал эхэлснээс хойш 200 гаруй хүн амиа алдаж, 1.5 сая гаруй га газрын үр тариа сүйдэж, гурван тэрбум долларын  хохирол учраад байна гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдэв. Нийтдээ 8.5 сая гаруй хүн үерийн гамшигт өртжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг