sonin.mn
КАТМАНДУ. /VOA/. Непалын Ерөнхий сайд Кхадга Прасад Шарма Оли өчигдөр албан тушаалаасаа огцорсноор тус улсад дахин улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал бий боллоо.
 
Непалын парламент Кхадга Прасад Шарма Олиг огцруулах асуудлаарх санал хураалтыг явуулахаас хэдхэн минутын өмнө тэрбээр өөрөө огцорчээ. Ингэснээр Балба  улс 1990 онд олон намт ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас хойш тус улсын Засгийн газар 23 дахь удаагаа огцорч байна.
 
Маоист үзэл суртлыг баримтлагч босогчид Шарма Олиг төрийн эрхийг хуваан барилцах  тухай хэлэлцээрийг зөрчсөн гэж буруушаан, түүнийг дэмжихээ больсны дараа түүнийг огцруулах асуудал хөндөгдөж эхэлжээ.
 
Түүний зэрэгцээ Оли-гийн холбоотон байсан улстөрийн хүчнийхэн үзэхдээ, Балбын үндэсний цөөнх мадхесичуудыг өрх тусгаарлан холбооны шинэ улс байгуулах асуудлыг зохицуулж чадаагүй хэмээн буруушааж байгаа юм. 
 
Үүнээс гадна өнгөрсөн жил болсон газар хөдлөлтийн улмаас сүйрсэн орон сууцнуудыг засварлах, шинээр барих амлалтаа биелүүлээгүй нь биднийг Оли-той хамтран ажиллах боломжгүй болгосон гэж маоист үзэлтнүүдийн тэргүүн Прачанда мэдэгдэв.
 
Парламентын гишүүд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Оли үүрэгт ажлаа гүйцэтгэх бөгөөд Прачанда дараагийн Ерөнхий сайд болох илүү магадлалтай байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг