sonin.mn
КАБУЛ. /NHK/. Афганистаны нийслэл Кабул хотод өнгөрсөн бямба гарагт амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэхээс урьдчилан сэргийлж болох байсан гэж үзэж буй афганчууд засгийн газраа шүүмжлэх нь улам ихэссээр байна.
 
Иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байх үеэр дэлбэрэлт болсны улмаас 80 хүн амь үрэгдэж, 230 орчим хүн шархадсан юм. Өөрийгөө “Лалын улс” бүлэглэлийн Афганистан дахь жигүүр гэж тодорхойлсон нэгэн бүлэглэл уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн билээ.
 
Уг халдлагатай холбогдуулан Афганистан даяар өчигдөр гашуудал зарлаж, Кабулд төрийн далбааг хагас бөхийлгөж, хүмүүс хохирогчдын төлөө залбирал үйлдсэн байна. Дэлбэрэлт болсон газрын ойролцоох дэлгүүр болон барилгууд нэлээд эвдрэн сүйджээ. Олон барилгын цонх хагарснаас үзэхэд хүчтэй дэлбэрэлт болсон бололтой.
 
“Засгийн газар чухам юу хийгээд байна вэ, яагаад ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэхгүй байгаад би гайхаж байна” гэж нэгэн залуу ярьсан бол өөр нэгэн залуу “би энэ засгийн газарт одоо итгэж чадахгүй нь ” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг