sonin.mn
Бид өмнөх нийтлэлээр Лидер хүний мөн чанарын талаар авч үзсэн. Одоо түүнийгээ цааш нь үргэлжлүүлье.
 
2 хоногийн өмнө Дэлхийн Эдийн Засгийн Форумын вэб сайт дээр нийтлэл гарчээ. Гарчиг нь "Эдгээр 4 шинж чанартай байхад та Гүйцэтгэх захирал болж чадна.
 
" Энэ нь дэлхийд топд жагсах Чикагогийн Их Сургуулийн, бизнесийн сургуулийн профессор Стивэн Каплан нарын судлагаа, дүгнэлт аж. Аливаа хүн ирээдүйд гүйцэтгэх захирал болох уу, үгүй юу гэдийг таамаглах суурь 4 шинж чанар байна гэж үзжээ.
 
Эдгээр нь:
 
- Ерөнхий чадвар,
-Гүйцэтгэх чадвар,
-Каризма,
-Стратегийн чадвахи нар юм.
 
Топ захирлуудтай 2600 гаруй ярилцлага хийж, 30 гаруй чанар, чадвараар нь шүүж үзээд эдгээр 4 гол чанарыг гаргаж ирсэн юм байх. Ерөнхий чадвар гэдэг нь бүх үзүүлэлт дээр өндөр оноо авсан байдал бол, Гүйцэтгэх чадвар гэдэг нь аливаа ажлыг хийж дуусгах чадвар юм. Харин Каризма гэдэг нь бусдыг үнэмшүүлэх, урам зоригтой байх байдал бол Стратегийн чадвахи нь том зургийг харах, бүтээлч байдал гэнэ.
 
Тэгэхээр эдгээр эрдэмтэд дахиад л Лидер буюу Гүйцэтгэх захирлын философийн фундаментал мөн чанарыг хайхын оронд шинж чанарууд дунд төөрөлдөөд явчихсан нь илт байна. Ямар хүн аливаа ажлыг дуусгадаг юм? Ямар хүн том зураг хардаг юм? Хүн яахаараа бүтээлч болдог юм? гэх мэтчилэн Фундаментал сэтгэлгээний модоор (өмнөх нийтлэл) төлөөлүүлж үзвэл энэ хэд навчис хавьцаа л бүдэрчээ.
 
"Том зураг харна" гэдэг ойлголтыг жишээ нь авч үзье л дээ. Энэ нь профессор С.Капланы хувьд яг юуг хэлээд байгаа юм бол? Дэлхийн бүх улс орны нэрийг, эдийн засгийн үзүүлэлттэй нь цээжилчихсэн хүн гэсэн үг үү. Эсвэл 7 хоног бүр Экономист сэтгүүлийг алгасалгүй авч уншдаг хүн гэсэн үг үү.
 
Эсвэл улс төрийн талаар орой найзуудтайгаа ам хамхилгүй маргалддаг элитэнцэр үү. Та энэ ойлголтыг юу гэж бодож байна? Энэ ойлголтыг лидер хүний мөн чанартай (хариуцлага) холбож үзэхгүйгээр хэн ч ойлгож чадахгүй. Ойлгуулж ч чадахгүй. Энэ судлагаа нь анхнаасаа л алдаатай, философилог биш болжээ.
 
Лидер - манлайлах гэдэг бол өөрөө философийн сэдэв. Хайр, дурлал, ээж, аав, үхэл, амьдрал гэдэгтэй адилхан философийн үндсэн ойлголтуудын нэг. Хүн, амьтан, араатан сүрэглэж, лидертэй байж, түүнийгээ дагаж амьд үлдэж ирсэн учраас бидний мөн чанарын нэг хэсэг юм.
 
Ийм гүнзгий ойлголтыг ийм гүехэн тодорхойлох гэж оролдсон нь - энэ эрдэмтэдийн судлагааг авч уншиж байгаа хүнд ямар ч гэрэлтүүлэг өгч чадахгүй байгаагаас тодхон харагдана.
 
Ихэнх уншигч "би л тэнэг учраас ойлгож чадсангүй" гэж боддог. Харин А.Эйнштэйн нэгэнтээ "хэрэв чи эмээдээ Цөмийн физикийг ойлгуулж чадахгүй байгаа бол чи цөмийн физикийн талаар огт мэддэггүй юм байна" гэж хэлсэн гэдэг.
 
Мэдээж эмээ бас өөрөө цөмийн физикийг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй л дээ.
 
 
Зүйрлэвээс Лидер хүн нь зураг дээрх хөлөг онгоц лугаа адил юм. Зогсоол дээрээс хариугүй хөдлөх гэж буй энэ онгоцны дарвуул далбаа бүрэн, далайчид чадварлаг, зэвсэглэл сайн боловч; хэрэв зорилго, чиглэл үгүй бол хаа холдох билээ.
 
Эрдэмтэн Каплан чухам өөрийн нүдэнд харагдсан дарвуул, далбаа, их биеийн чансаа тэргүүтнийг л баахан тоочоод зогсчээ. Олон л онгоц байдаг. Харин хэд нь яг гайхамшигт аялал хийдэг юм бол. Тэр сүнс сүлдийг нь л олж харах учиртай юм.
 
Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль чухам үүний тулд л оршдог билээ. Дараагийн нийтлэлээр Лидер хүний мөн чанар болох Хариуцлагыг тодорхойлох болно.