sonin.mn
Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх хүлээлттэй байгаа ч өнөөдрийн байдлаар МАН-аас ямар нэг хуралдаан товлоогүй байна. 
 
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 04.00 цаг хүртэл хуралдаж шинэ Засгийн газрын 11 сайдыг хэлэлцэн томилсон. Харин Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрчим хүч, Эрүүл мэндийн сайдад томилуулахаар нэр дэвшсэн дөрвөн хүнийг буцаан татаад байгаа юм.
 
Авлигатай тэмцэх газраас Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ц.Цэнгэл, Ж.Цолмон нарыг дээрх албан тушаалд "ашиг сонирхлын зөрчилтэй" гэж дүгнэснээс нэрийг нь татах болсон. 
 
Тиймээс дээрх дөрвөн сайдад дахин нэр дэвшигч тодруулах шаардлагатай болоод байгаа юм. Нэр дэвшигчдийг МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгож, УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн, дараа нь байнгын хороо, чуулганаар баталгаажуулах ёстой. Харин одоогийн байдлаар МАН-аас ямар нэг хуралдаан зарлаагүй байна. 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг