sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог хэлэлцэв.
 
Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. Үүний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлсэн.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ татан буулгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Бичмэл хуулийг амьд хууль болгох нь зүйтэй. Амьд хууль гэдэг бодитоороо амьдрал дээр хэрэгждэг байхыг хэлнэ. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Таныг сайд байх үед бизнесийн салбарыхан айхгүйгээр ажлаа хийдэг баймаар банйа. Бизнесийнхний эрхзүйн орчныг бүрдүүлж өгөхгүйгээр нийгэм сайжирна гэж байхгүй. Маш олон бизнесмэнүүдийг шалгах нэрээр нэр хүндэд нь нөлөөлсөн тал бий. Мөн танай салбар бол мэргэжлийн салбар байх ёстой. Түүнчлэн улс төр, улстөржилтөөс ангид байх ёстой. Иймээс үүн дээр онцгой анхаараарай. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд, үлдсэн дөрвөн сайд нарыг өргөн мэдүүлэхдээ давхар дээлгүй хүмүүсийг оруулж ирээрэй" гэсэн юм.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэр дэвшигч С.Бямбацогтод хандаж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулин дээр хамтарч ажиллана гэдгээ хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Та сөрөг хүчний сэтгэлгээгээ халах хэрэгтэй. Мөн гэрч хохирогчийг хамгаалах орон зайг хэрхэн хамгаалах вэ гэдгээ тогтож хараарай. Сөрөг хүчнийг эсрэг цагдааг бороохой болгож ашиглав аа. "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй"  гэв.
 
УИХ-ын гишүүн , "Цагдаагийн байгууллагад явуулж буй улстөржсөн томилгоог ажлаа аваад халах хэрэгтэй. Мөн цагдаагийн цолны асуудал дээр эргэж хармаар байна. Мөн түр үнэмлэхээр хил орчмын бүсээр зорчдог болгох эрхзүйн орчныг нээснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж байна. Тухайлбал, Хамрын хийд рүү Өвөрмонгол иргэд зорчих сонирхол өндөр байдаг юм. Тйимээс түр үнэмлэхний асуудлыг шийдэж өгөөч" гэлээ.
 
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул санал хураалтаар чуулганы хуралдаан үргэлжилсэн. Ингэхэд С.Бямбацогтыг олонх буюу 94.9 хувь нь дэмжив.
 
С.Бямбацогтын товч намтар
 
 - 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,
 
- 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 
- 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.
- 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,
- 2000- 2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,
 
- 2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга,
- 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,
- 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
- 2008 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг