sonin.mn
БЕРЛИН. //NHK/. Европын Төв банк ЕХ-ноос гарах Их Британийн шийдвэрийн урт хугацааны нөлөөллийг ажиглаж байгаа учраас мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахгүй гэсэн шийдвэрт хүрчээ.
 
Европын Төвбанкны бодлогын зөвлөлийн хуралдаан өчигдөр Франкфурт хотод болсон байна. Тэд бодлогын хүүгийн хэмжээг 0 хувь, банкны хадгаламжийн хүүг -0.4 хувьд хэвээр үлдээхээр тохиролцжээ. 
 
Европын Төвбанкнаас үзүүлж буй өргөн хүрээтэй хөнгөлөлтийн бодлогын үр дүнд банкууд илүү их  хэмжээний зээл олгож байна. Эл шалтгаанаар еврогийн бүсийн орнуудын эдийн засаг аажмаар тэлж байгаа юм.
 
Харин Их Британи ЕХ-ноос гарах болсноор Германы санхүүгийн хүрээнийхний дунд бизнесийн итгэл буурч эхэлсэн ажээ. Үүний зэрэгцээ Италийн банкууд чанаргүй зээлийн дарамтад ороод байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг