sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулав.
 
МАН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэр гэж буй ч эцсийн дүндээ кабинетээ бүрдүүлэх нь Ерөнхий сайдад хуулиар олгогдсон бүрэн эрх. Хэрэв үүнийгээ  хэрэгжүүлж чадахгүй байвал Ерөнхий сайд өөрөө л чадваргүй нэгэн гэсэн үг билээ.
 
Харамсалтай нь Ерөнхий сайдын тодруулсан сайдын нэрс иргэдийн төдийгүй МАН-ын гишүүдийн ч дургүйцлийг ихээр төрүүлж байна. Н.Номтойбаяр, Ц.Анандбазар, Г.Өнөрболор, Б.Чойжилсүрэн зэрэг бизнесийн салбарынхнаас эхлээд мэргэжлийн бус С.Бямбацогтыг нэн хариуцлагатай Хууль Зүйн салбарын сайдад нэр дэвшүүлсэн гээд үнэхээр ч эгдүүцэхгүй байхын аргагүй.
 
Үүнийг ч  нотолж, УИХ-ын гишүүн А.Сүхбат: "МАН анхны ялагдлыг хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ.
Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонголдоо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна" хэмээсэн байна.
 
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээжээ.
 
Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа. Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна. Иймд дахин зөвшилцөнө үү" гэсэн байв.
 
Ийнхүү гадаад хэлний мэдлэггүй, боловсрол тааруу гэсэн анхны дүгнэлтээ иргэдээс авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат багаа бүрдүүлж буй сонголтоороо  чадваргүй Ерөнхий сайд гэдгээ дахин нотлов.
 
Э.Мягмардорж