sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Дэлхий дээрх хамгийн үнэтэй цамцнуудын нэгийг худалдан авч, өөрийгөө бараг тэр чигээр нь алтаар гоёдог байсан энэтхэг залуу бусдад зодуулан амиа алдсан тухай цагдаа нар мэдэгдлээ.
 
Датта Пхуже 2013 онд 3 гаруй кг жинтэй, 250 мянган долларын үнэ бүхий алтан цамцыг худалдан авснаар олон нийтийн анхааралд өртөж байсан юм. Тэр цагаас хойш Энэтхэгийн баруун нутгийн Пуна хотын мөнгө хүүлэгч ноён Пхуже-г “алтан хүн” гэх болсон билээ.
 
Түүний үхэлтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчлан байцааж байгаа аж. Мөнгөтэй холбоотой маргааны улмаас түүний аминд хүрсэн гэж цагдаа нар сэжиглэж байна. Цагдаа нарын хэлснээр, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Пуна хотод 48 настай Пхуже руу 12 хүн халджээ.
 
Сэжигтнүүдийн нэг нь түүнийг хүүгийнхээ 22 насны төрсөн өдрийн үдэшлэгт урьсан аж. Үдэшлэгийн үеэр залуучууд чулуу шидэж, мэс ашиглан түүн рүү халджээ.
 
“Алтан хүн” хочит Пхуже биеэ бараг тэр чигээр нь алтаар гоёдог байсан юм. Тэрбээр бүх хуруундаа алтан бөгж зүүдэг байснаас гадна алтан бугуйвч, алтан зүүлт зүүдэг байв.
 
"Алтан хүн" 2013 онд ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “Зарим хүмүүс надаас "яагаад ийм их алтан эдлэл зүүж, хэрэглэдэг юм бэ?" гэж асуудаг. Энэ бол миний мөрөөдөл. Зарим элит хүмүүс “Audi” эсвэл “Mercedes”-тэй болохыг хүсч, том том автомашин худалдан авдаг. Харин миний сонголт бол алт” гэж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг