sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат үг хэллээ.
 
Тэрбээр Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, эрхэм хүндэт гишүүд ээ, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монголчууд аа, 
2016 оны ээлжит сонгуулиар МАН-д итгэл үзүүлэн засаг төрөө төвхнүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ.
 
УИХ, аймаг, нийслэлийн сонгуулиар төр барих бүрэн эрхээ эдэлж, МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн дэмжсэн туурга тусгаар улсын бүрэн эрхт эзэд Монгол түмэндээ талархал илэрхийлье. 
 
Сонгуулийн дүнгээр МАН Засгийн газраа байгуулан ажилдаа орох гэж байна. Миний биеийг төр түшэлцүүлэхээр сонгож, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн МАН, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, итгэл үзүүлж, шийдвэр гарган томилсон та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье. 
 
УИХ-ын гишүүнээр улираан сонгож, илч төлөөлөгч, дуу хоолойгоо болгосон Ардын хувьсгалын өлгий, амуу тарианы нутаг Сэлэнгийн зон олныхоо өгөөмөр сэтгэлд мэхийн ёсолъё. 
 
Хүндхэн цаг үед Ерөнхий сайдын албаг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна. Албан үүргээ чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын айл өрх бүрийн ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийн хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн зориулан ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна. 
 
Шинээр байгуулагдаж буй Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа МАН-ын мөрийн хөтөлбөрт суурилах болно. 
 
Шинэ Засгийн газар амаргүй нөхцөл байдалд ажиллах тодорхой. Нийгэм эдийн засгийн байдал хүндэрснийг дараах баримтаас харж болно. 
 
Төсвийн сахилга алдагдаж, улс орон өрийн дарамтад байна. Бизнесийн орчин бүхэлдээ зогсонги байдалд байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, тэр хэрээр иргэдийн орлого буурлаа. 
 
2012 онд ажил хайсан хоёр хүн тутмын нэг нь ажилд ордог байсан бол одоо долоон хүн тутмын нэг нь чадан ядан ажилд орж байна. 
 
Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, иргэд чанартай тусламж үйлчилгээ авах боломж хомсдож эхэллээ. 
 
Төрөөс малчдын талаар баримтлах бодлого зогсонги байдалд орж, түүхий эд үнэгүйдсэнээс малдын орлого буурч, амьдралд ахуйгаа авч явах эх үүсвэргүй болж, энэ салбар урьд өмнө нь байгаагүйгээр хямарчээ. 
 
Атрын 3 дугаар аяныг зогсоосны уршигаар улаанбуудай экспортолж байсан манай улс импортлогч болсны горыг газар тариалан эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчид амсаж байна. 
 
МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж тусгасан. Ерөнхий сайдаар томилогсон энэ мөчөөс эхлэн нийгэм, эдийн засгийн өргөн мэдлэгтэй төрийн зүтгэлтнүүдээр бүрдсэн мэргэжлийн Засгийн газраа нэн даруй байгуулна" гэлээ.