sonin.mn
НИТХ-ын сонгуульд олонхын санал авсан 45 нэр дэвшигч өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардав. НИТХ-ын хурлын сонгуульд 10 нам, 2 эвсэл, 4 бие даагч буюу нийт 286 хүн өрсөлдсөнөөс МАН 34, АН 11 суудал авсан. Нийслэлийн хэмжээнд нийт 843 мянга 689 сонгогч бүртгэлтэй байснаас 70.4 хувь нь саналаа өгсөн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болорчулуун үнэмлэх гардуулах үеэр онцлов.
 
 
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, “Иргэд манай намаас нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэлээ. Үүний цаана асар их хариуцлага бий.
 
Тиймээс бид нийслэлийн иргэдийнхээ төлөө, намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө ажиллахыг МАН-ын гишүүддээ үүрэг болгож байна. Бид мэргэжлийн цомхон, чадварлаг бүтэц байгуулж, нийслэлийн өмнөх удирдлагуудын эхлүүлсэн зөв ажлуудыг дэмжиж, буруу шийдвэрийг засах болно” хэмээв.
 
НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн МАН-ын гишүүд бүгд түр үнэмлэхээ гардсан бол АН-аас сонгогдсон төлөөлөгчид ирсэнгүй.
 
Шинээр сонгогдсон НИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 04-нд буюу ирэх даваа гарагт болж, НИТХ-ын сонгуулийн дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг