sonin.mn
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдаж буй шинэ парламентын Анхдугаар чуулганыг долдугаар сарын 5-нд 11:00 цагаас товлон зарлах зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гаргалаа.
 
Долоо дахь удаагийн УИХ-ын сонгуульд олонхийн санал авч, тойрог тус бүрт ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын шинэ гишүүний үнэмлэхийг өнөөдөр гардуулсан.
 
Үүний дараа СЕХ сонгуулийн албан ёсны дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ид айлтган өргөн мэдүүлсэн юм. Улмаар шинэ парламентын Анхдугаар чуулганыг энэ сарын 5 буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт хуралдуулах зарлиг гаргав. 
 
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын их баяр наадмаас өмнө, ирэх долоо хоногт багтаан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилохыг үүрэг болгосон юм.
 
Үүнээс гадна энэ долдугаар сард багтан УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажлыг дуусгаж, наймдугаар сарын 1-н гэхэд шинэ УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байхыг үүрэгдлээ.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг