sonin.mn
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагаасны дараа Турк рүү аялах тасалбар борлуулахыг аялал жуулчлалын компаниудад хориглосон байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цуцалжээ.
 
Түүнээс гадна, Турктэй худалдааны хэлэлцээ хийхийг В.Путин холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. Захиалгат нислэг хийхийг аялал жуулчлалын компаниудад хориглосон нь Туркийн аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлсөн юм. Оросуудын хувьд Турк рүү олноороо жуулчилдаг билээ.
 
Онгоцыг харван унагаасандаа уучлалт гуйсан агуулга бүхий, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы захидлыг Кремлийн ордон энэ долоо хоногт хүлээн авсан юм. Харин аялал жуулчлалаас бусад салбарт авсан хориг арга хэмжээг цуцлах эсэх нь худалдааны хэлэлцээний үр дүнгээс хамаарна гэж В.Путин хэлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг