sonin.mn
Уриалга
 
Энэ удаагийн сонгууль нь сонгууль эхлэхээс өмнө зохих хугацаанд сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэснийг зөрчин хууль гаргаснаар, хууль тогтоогчид нь хуулиа зөрчсөнөөр гараагаа эхлүүлсэн билээ.
 
2016 оны сонгуулийн өмнө Улс төр, Сонгууль гэдэг бол Мөнгө юм гэсэн асар мулгуу, аюумшигт уршигтай хууль бус төсөөлөл маш их газар аван хавтгайрсан нь мэдрэгдэж, Мөнгөний парламент байгуулагдах нь гэсэн цочир бодол төрж, өдий хүртэл улам лавширсан билээ.
 
Тийм ч учир энэ хууль бус төсөөллийн дагуу энэ удаагийн эрүүл бус сонгуульд дэвшигчдийн ихэнх нь эхнээсээ л Сонгуулийн хуулиар бол нэр дэвших эрхгүй байсан билээ. Хуулийн дагуу бол “эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл”-тэй хүн нэр дэвших ёстой.
 
Тийм эрмэлзэлтэй байх байтугай, улс эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулан сүйрүүлж ирсэн хулгайч дээрэмчид юм уу, тийм ажиллагааг дэмжиж, эсвэл нүдэн балай чихэн дүлий өнгөрөөн хар амиа хоохойлж явсан бэртэгчин этгээдүүдэд үндсэндээ нэр дэвшигчдийг тодорхойлж байна.
 
Хуулийг ингэж хавтгайран зөрчихөд хүргэсэн сонгуулийн байгууллага ямар зорилгоор юу хийчихэв ээ. Хуулийн дагуу сонгож болох хүн дэндүү цөөхөн байсан агаад улс төрийн сонгуульт ажлуудын орон тоонд яавч хүрэхгүй. Ийм нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнийг буй болгож, хуулиа зөрчсөн төрийн байгууллага үүнд асар их буруутай бөгөөд, огцорвол зохино.
 
Ингэж ноцтойгоор зохих шаардлага хангагдаагүй нөхцөлд сонгууль явуулах ч үндэслэлгүй, сонгогчид бид ч нэр дэвших эрхгүй хүмүүсийг хууль зөрчин байж сонгох ёсгүй юм. Ийм хууль бус сонгууль явуулдаг харанхуй уламжлалыг бид хатуу эсэргүүцэн, эрс шийдэмгийгээр таслан зогсоох учиртай. Иргэний хөдөлгөөний бид сонгуульд өрсөлдөгчдийн олонх нь хууль ёсоор бол нэр дэвших ёсгүй, эрхгүй байна гэдгийг судалж албан ёсоор мэдэгдсэн.
 
Улсын хэмжээний топ луйварчин биш л бол, бусад нь сайн сайхан нэр дэвшигч юм шиг ойлгодог байдал өргөн түгтлээ нийгэм доройтжээ. Хувийн ажил амьдралаа болгоож ирснийгээ аугаа эх оронч гэж тунхагладаг дүр эсгэгчдийг биш, ард түмнийхээ сайн сайхны төлөө өөрийгөө золиослон онцгой гойд цолгорсон шалгарсан тэмцэгч зүтгэгч, удирдагч манлайлагчдыг хуулийн дагуу сонгох учиртай.
 
Урьд өмнө нь хуульд заасан ямар ч төгс эрмэлзэлгүй байсан байж, сонгууль болохоор би хамгийн төгс эрмэлзэлтэй гэж худал хэлж сонгогчдыг хуурч мэхэлдэг, улс оронд болсон сайн сайхан бүхнийг би хийсэн гэж төөрөгдүүлэн санал авдаг гэмтнүүдийг сонгох биш, шоронд хийх ёстой юмсанж.
 
Аргагүй л өнгө мөнгөний сонгууль болж өнгөрлөө. Монголын Сонгууль хэмээх Их мөрийтэй тоглоом дууслаа. Энэ мөрийтэй тоглоомны хожил, мөн чанар нь ердөө л Монголыг харьд бэлэглэн өгч шан хүртэх эрх.
 
УИХ-д 400 гаруй хүн нэр дэвшсэн ч тэмцэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог цөөн хэдээс бусад нь итгэл төрүүлэхгүй гээд хэлчихвэл бараг хатуудахгүй биз. Ард түмнийхээ төлөө өмнө нь тэмцэж байгаагүй хүмүүсийг цаашдаа тэмцнэ гэж яаж итгэх юм бэ?
 
Энэ сонгууль маш их будлиантай болж байгаа нь ажиглагдаж байсан. Томоохон намуудын удирдагчид цөм ам нэгтэйгээр сонгууль асар их будлиан булхайтай явагдсаныг баталлаа. Хууль бус нэр дэвшигчид будлиан булхай хийж гарч ирэхээр юу болох вэ, бодоод үз. Байдал улам л дордно.
 
Мөнгө, архи тараалт гаарч, тарааж байгаа хүмүүс болон авах хүсэлтэй олон олон сонгогч бие биенээ улайм цайм хайн гүйлдэж, шударга зарим нь энэ муухай сонгуулиа зогсоогооч гэж бухимдлаа. Царцаа, жоом өсөж, саналын хуудсыг тэд хамгийн түрүүнд залгиж орхисноос нутгийн ардуудад саналын хуудас хүрэлцэхгүй болж байв.
 
Бие биеийн уулзалт цуглааныг үймүүлэх зорилготойгоор хөлсний этгээдүүдийг илгээж, талцсан үймээн самуун үүсч байв. Архичдаар агсам согтуу тавиулж, атамануудаар ална хядна гэж заналхийлгэж талдаа татах практик багагүй байв.
 
Бүх сонгогчийг ухуулагч болгож хөлсөлсөн ч яадаг юм гэж аархан мөнгөөр уралдаж улайрч байлаа. Гүтгэлэг, доромжлол, цуурхал, нууц бичлэг, тагналт чагналт хэрээс хэтрэв.
 
Адил нэртэй хүн дэвшүүлэн алиалж, өөрийн намынхнаас бусдыг урвагч хулгайч гэж зарлаж тунхагласан жагсаалт тарааж, өрсөлдөгчөө барьж авч түрийвчийг нь булаан энэ хүн мөнгө тараасан байна гэж бархирч, сурталчилгааны байр шатааж ч үзэв. Арай л алалдаж өрсөлдсөнгүй ээ. Ийм бусармаг муу муухайн үерээс ямар парламент төрөх вэ? Ямар ИТХ мэндлэх вэ?
 
Монгол улс үндэстнийг мөхөөх аюултай Мөнгөний парламент, Хууль бус дэвшигчдийн парламент, Будлиан булхайтай сонгуулийн парламентыг ард түмэн яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэнэм.Зөвшөөрөх аваас энэ сонгуулиас өмнө Монголд юу болж байсан, тэр бүхэн бүр эрчтэйгээр, далайцтайгаар, мэдээж галзуу солиотойгоор үргэлжлэх болно.
 
Үүнийг таслан зогсоохын тулд:
 
  • Энэ хууль бус сонгуулийг хүчингүйд тооцъё!
  • Дахин сонгуулийг явуулъя!
  • Тэгэхдээ энэ удаагийнх шиг хууль бус нэр дэвшигчдийн сонгууль явуулахгүйн тулд, шинээр нэр дэвшүүлье!
  • Хуулийг ханган ажилладаг шинэ СЕХороог байгуулъя!
  • Энэ удаагийн сонгуульд зөрчил гаргасан этгээдүүдийг хатуу цээрлүүлье!
  • Дараагийн сонгуулийг зардал багатай явуулахын тулд нэр дэвшигчдэд гагцхүү цөөн тооны зурагт хуудас, хязгаарлагдмал сошиалын хэрэгсэл ашиглахыг зөвшөөрье. Тэгш боломж олгохын тулд улсаас санхүүжүүлье!
Монгол орон маань бидний гэр орон. Энэ их өрхийн гишүүн бүр гэр орныхоо төлөө чин сэтгэлээ зориулж, хайрлаж хамгаалж явах ёстой. Тиймээс хууль зөрчигчдөд “Үгүй” гэж хэлж чадах сэтгэл оюун, эв нэгдэл бидэнд хүрэлцэх учиртай. Бид одоо л муу муухайг, харанхуйг ялж, хувь заяандаа эзэн болох боломжтой. Эсбөгөөс өөр боломж олдохгүй байж мэднэ.
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
 
Ч.Мөнхбаяр ёслов
2016.6.30
00:30 цаг