sonin.mn
ХАНОЙ./VOA/.Вьетнамын нийслэл Ханой хотын төвд мотоцикл явахыг ирэх 10 жилд багтаан хориглохоор тус хотын албаны хүмүүс төлөвлөж байна. Замын түгжрэлийг багасгах талаар авч буй арга хэмжээний хүрээнд Ханойн гудамжуудыг 2025 он гэхэд мотоциклгүй болгохыг тус хотын удирдлага эрмэлзэж байгаа аж.
 
Вьетнамын нийслэлд замын хөдөлгөөн маш эмх замбараагүй бөгөөд хагас сая машинтай зэрэгцээд 5 сая орчим мотоцикл зайгаа булаацалдан явдаг ажээ.
 
Нөхцөл байдал жил ирэх тусам улам дордох төлөвтэй байна. Албаны хүмүүсийн тооцоолсноор, 2020 он гэхэд мотоциклын тоо 7 саяд хүрч, автомашины тоо хоёр дахин нэмэгдэж магадгүй байна.
 
“Ийм нөхцөлд Ханой хотын замын хөдөлгөөний байдал ирэх 4-5 жилийн дотор туйлын эмх замбараагүй болно. Тиймээс бид энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй” гэж  тус хотын дарга Нгуен Дык Чунг хэлэв.
 
Түгжрэлийг багасгахын тулд тус хотын Тээврийн газар хувийн автомашины тоог цөөрүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Автобусны тоог хоёр дахин нэмэгдүүлэх гэж байгаа тухайгаа хотын дарга ярилаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг