sonin.mn
ЛОНДОН. /NHK/. Эрх баригч Консерватив намын удирдагчийн суудлын төлөөх өрсөлдөөнд оролцохгүй гэдгээ Лондон хотын дарга асан Борис Жонсон мэдэгдлээ. Тэрбээр Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарахыг дэмжин кампанит ажил өрнүүлэгчдийг удирдаж байсан юм. Энэ өрсөлдөөнд ялагч нь шинэ ерөнхий сайд болох нь бараг тодорхой байсан юм.
 
Нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дуусахын өмнөхөн буюу өчигдөр үдээс хойш Борис Жонсон хэвлэлийн бага хурал хийжээ. Британичуудын дийлэнх нь ЕХ-ноос гарахыг дэмжсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцрохоор шийдсэнээ олон нийтийн өмнө зарласан юм. Тэрбээр ЕХ-нд үлдэхийг уриалж байсан билээ.
 
Хамт олонтойгоо зөвлөлдөж, парламент дахь нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр энэ өрсөлдөөнд оролцохгүй байх шийдвэр гаргалаа гэж Жонсон мэдэгдсэн байна. Илэн далангүй яриагаараа британичуудын дунд нэрд гарсан Лондон хотын дарга асныг Дэвид Кэмероны халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзэж байсан юм.
 
Таван хууль тогтоогч, тэдний дотор Хуульзүйн сайд Майкл Гоув болон Дотоод хэргийн сайд Терезэ Мэй нар Консерватив намын даргын суудлын төлөө өрсөлдөж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг