sonin.mn
МАН нийслэлийн удирдлагуудын өнгөрсөн 4 жилийн хугацаанд эхлүүлсэн томоохон ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ онцлов.
 
НИТХ-ын ээлжит сонгуульд МАН 34, АН 11 суудал авсан. Сонгуулийг маргаангүй, эмх цэгцтэй зохион байгуулсан Нийслэлийн сонгуулийн хороо болон идэвхтэй оролцсон иргэдэд талархаж буйгаа илэрхийлэв.
 
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд бид нийслэлийн иргэдийнхээ бидэнд хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлээгүй гэдэгтэй илтгэлтэй байна. Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль улс төрийн том “цунами” байлаа.
 
МАН-ын нэрээр бор халзан хонь нэр дэвшсэн ч сонгогдохоор байлаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Цаашдаа энэ байдал даамжирч, нийслэлийг мафийн бүлэглэл маягаар удирдах вий гэдгээс эмээж байна. Тиймээс би МАН-ынханд засаглалаа сайжруулж, иргэдийн итгэлийг алдахгүй байх хэрэгтэй.
 
Өнгөрсөн хугацаанд нийслэлд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр. Эдгээр хөтөлбөр хашааны газартаа тохилог орон сууц барих замаар агаарын бохирдлоос салах томоохон түлхэц юм.
 
Мөн төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилго бүхий “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй 3 нэгдсэн төвөөр нийт 400 мянга гаруй хүн үйлчлүүлсэн гэсэн судалгаа бий. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.
 
Энэ хөтөлбөр Монголын уламжлалт болон сонгодог урлагийг дэмжих томоохон тулгуур болсон. Тиймээс удахгүй томилогдох нийслэлийн шинэ удирдлагуудыг бид бүхний эхллүүлсэн эдгээр ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.
 
АН-ын удирдлагууд УИХ-ын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн. Нийслэлийн ардчилсан намын удирдлага ч бас хариуцлага хүлээх үү гэсэн асуултад “Би Нийслэлийн ардчилсан намыг удирддаг. Тун удахгүй Нийслэлийн ардчилсан намын зөвлөлдөх хороог хуралдуулж, даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” хэмээн хариулав.
 
Ч.Ариунболд
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг