sonin.mn
МОСКВА. /Xinhua/. ОХУ болон Турк улсын удирдагчид хоёр талын харилцааг сайжруулахаар тохиролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар лхагва гарагт утсаар ярьсан байна.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагааснаас хойш тус хоёр улсын удирдагчид анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм.
 
Оросын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэхдээ “Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд 42 хүний аминд хүрсэн террорист халдлага болсонд харамсч байгаагаа В.Путин илэрхийлсэн” гэв.
 
Терроризмтой дэлхий нийтээрээ тэмцэхийн тулд олон улсын хамтын ажилллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна гэж тус хоёр улсын удирдагчид үзэж байна.
 
Турк руу захиалгат нислэг хийхийг зогсоосон байсныг сэргээхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгоно гэж Путин хэлжээ. Мөн тэд удахгүй шууд хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцсон байна.
 
Оросын онгоцыг харван унагаасанд харамсч байгаагаа илэрхийлэн уучлалт гуйсан агуулга бүхий захидлыг Эрдоган даваа гарагт В.Путинд илгээсний дараа тэд хоёр талын харилцааг сэргээхээр тохиролцлоо.
 
Г.Доржханд 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг