sonin.mn
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авах тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн хариуд ТВ-9 телевизийн “Ярилцъя” буланд уржигдар байр сууриа илэрхийлсэн юм. Түүний ярилцлагад оролцохдоо хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
-Би өмнө нь Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмших хувийг нууцын зэрэглэлтэй хэлэлцээд, зарж магадгүй гэсэн сураг дуулдлаа гэж сонсоод энэ тухай АН-ын дарга З.Энхболдод хэлсэн. З.Энхболд нарийн мэдээлэл өгөөгүй. Мэдээд ч байгаа юм шиг, мэдэхгүй байгаа ч юм шиг ойлгомжгүй байдлаар хариулсан. Тухайн үед “Энэ асуудал бол маш ноцтой шүү” гэдгийг би түүнд хэлсэн.
 
Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Оросын талын 49 хувийн асуудал Монголын улс төрд том маргааныг дэгдээж, үүнээс болж Ерөнхий сайд огцорч байсан. Ер нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ийм асуудал яригдаж байгаа бол хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу хандах ёстой.
 
Оросын тал зарах гэж байгаа бол Монголын талд, Монголын тал зарах гэж байгаа бол Оросын Засгийн газарт саналаа албан ёсоор тавих ёстойг З.Энхболд даргад сануулсан. Хэрэв Монголын Засгийн газар ямар нэг шалтгаанаар авахгүй гэдэг байр сууриа илэрхийлбэл түүнийгээ эхлээд УИХ дээр танилцуулж, хэлэлцэх ёстой.
 
УИХ-д танилцуулахдаа хамгийн нээлттэй, ард иргэддээ ойлгомжтой байдлаар хэлэлцэх ёстой. Хэрэв тэр хувийг авахгүй бол яагаад авахгүй гэдгээ олон нийтэд ойлгогдох байдлаар шийдэх нь зүйтэй. Энэ асуудлыг зайлшгүй УИХ-аар хэлэлцэх ёстой. Тэр тусмаа стратегийн энэ орд Монгол Улсыг олон жил хооллож ирсэн.
 
Бидний өвөг дээдэс болоод ХХ зууны хамгийн том бүтээн байгуулалтын нэг гэдгийг ч З.Энхболд даргатай уулзах үеэр хэлсэн. Тухайн үед З.Энхболд дарга “Үнэхээр энэ асуудал ноцтой юм. УИХ дээр заавал ярилцах ёстой юм шиг байна Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хэлье. Ер нь сонгуулийн өмнө яагаад ийм ноцтой асуудал хэлэлцэх гээд байна” гэж байсан.
 
Засгийн газраар нууцын зэрэглэлтэй хэлэлцэж байгаа энэ асуудлын талаар миний хувьд сайн мэдээлэлтэй байгаагүй. З.Энхболд даргад хэлсэн саналыг маань хүлээж авч байна гэж бодоод байж байтал энэ тухай Оросын цахим хуудсаар нэлээд гарч эхэлсэн.
 
Тиймээс асуудал нэлээд ноцтой болж байгаа учир Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа манай гишүүд хэвлэлийн бага хурал хийсэн гэж ойлгож байгаа. Миний хувьд гадуур ажилтай байсан тул сайн мэдээлэл авч чадаагүй. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яаран, сайхан мэдээ дуулгаж байгаа мэтээр мэдээлэл өгсөн. Үүний дараа МАН-ынхан мэдэгдэл гаргасан байна.
 
Ер нь бид энэ талаар АН-ын нөхдөд эртнээс анхааруулж ирсэн. Би энэ асуудлыг “сайн мэдээ” гэдэг утгаараа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэрхэн зохицуулах, Засгийн газар хоорондын ямар гэрээ байдаг вэ гэдгийг ярьж байгаа юм.
 
2003 онд Оросын их өрийн асуудлыг шийдэхэд Монголын тал 51 хувиа авч, Оросын тал 49 хувиа авах албан ёсны бичиг баримтыг их өрийн асуудлыг шийдэх багц асуудлын хүрээнд багтаан шийдэж байсан. Энэ бол маш том амжилт гэж үзэж байсан. Эрдэнэтчүүд, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнууд маш их баярлаж байлаа.
 
Өнөөдрийн үйл явдлын өрнөлийг харахад энэ бол цэвэр луйвар юм. Засгийн газар хоорондын гэрээг зөрчиж байна. Үнэхээр Оросын тал худалдах гэж байгаа бол Засгийн газар дээр ярилцаад, УИХ руу оруулах ёстой. УИХ-аар нээлттэй хэлэлцэх шаардлагатай. Тэр байтугай ард түмнээсээ нээлттэй асуух нь зүйтэй.
 
Нууж байна, УИХ-аар оруулахгүй байна гэдэг цаанаа луйвар болж байна гэсэн үг. Энэ асуудалтай холбоотой УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар байр сууриа илэрхийлэх ёстой. Худалдаж авахгүй гэсэн нөхцөлд л зөвхөн гуравдахь талд худалдах тухай асуудал яригдана. 
 
Засгийн газрын гэрээ, Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн бусармаг үйлдлийг Ч.Сайханбилэг хийсэн байна. З.Энхболд даргатай уулзах үед Ч.Сайханбилэг иймэрхүү зүйлийг дураараа хийж байгаа. Энэ нь сонгуулийн үед АН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж магадгүй гэсэн байр суурь илэрхийлж байсныг би сайн санаж байна.
 
Тиймээс Ч.Сайханбилэг шуналдаа хөтлөгдөж, сонгуулийн өмнө завсарлаж байгаа энэ хоногуудад багтаан луйвар хийж байгаа нь цэвэр даалгавар юм. Оросын талын эзэмших хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан тухай Оросын хэвлэл мэдээллээр гарсан. Энэ нь нууц асуудал биш. Тэртээ тэргүй Оросын тал мэдээлэл гаргалаа, Ч.Сайханбилэг хэн худалдаж байгаа тухайгаа ч хэлчихлээ. Эрдэнэт хот бүхэлдээ нэг компанийн мэдэлд очиж байна.
 
Орхон аймагт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү надтай ярьсан. Эрдэнэтийнхэн сэтгэл санааны хүнд байдалд орж, шоконд орсон байгааг хэлсэн. Ард иргэдтэй уулзахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ асуудлыг ийм хурдан шийдэж байгаад дургүйцэж байгааг хэлж байна.
 
Тиймээс одоо энэ асуудалд цэвэр хуулийн дагуу ажиллах ёстой. Монголын Засгийн газар авч болно. Тэгвэл бид Ч.Сайханбилэг сайн байна гээд хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэтэл Ерөнхий сайд өөрөө улайм цайм хууль зөрчөөд, хувийн хэвшилд нууцаар зарж байгаа нь асуудалтай. УИХ дээр хэлэлцэхийн оронд нууцын зэрэглэлтэйгээр Засгийн газарт орууллаа.
 
Засгийн газрын гишүүд нь үүнтэй танилцах хүсэлтээ өгөхөд танилцуулахгүй гээд шийдэж байгаагийн цаана жинхэнэ луйвар байна. Бид энэ луйвар, булхайг илрүүлэхээр МАН-ын зарим нөхөр бидний булхайг илчилж АН-ынхантай нэгдлээ гэж харддаг. АН болон Ч. Сайханбилэгийн луйвар, булхайг илрүүлэхээр МАН-тай харддаг. Бид аль нэг намын талд орж эсвэл аль нэг намын талд байгаа юм биш. Бид аливаа буруу үйлдэл хийж байгаагийн эсрэг байна. 
 
Энэ тухай мэдээллийг Шадар сайд Ц.Оюунбаатар, Хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар хамт хүргэсний дараа над руу шууд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгийн зүгээс заналхийлсэн. Эх­лээд би гайхсан. Тэгсэн энэ нь манай ги­шүүдийн мэдээлэл хий­сэнтэй холбоотой байсан.
 
Заналхийлж байгаа Ц.Элбэгдорж, Ч.Сайхан­билэгт хандаад хэлэхэд, та нар заналхийлээд намайг зогсоохгүй, харин ч та нараас өчүүхэн ч айхгүй гэдгээ хэлье. Одоо тэгж айдаг цаг өнгөрсөн. Би өмнө нь ч айж байгаагүй. Одоо ч айхгүй. Миний гэр бүл, үр хүүхэд, намын нөхдөөр барьцаалж заналхийлж байхын оронд хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоо.
 
Худалдаа хөгжлийн банк бол цэвэр Ц.Элбэгдоржийн өөрийнх нь банк гэдгийг бүгд мэднэ. Энэ банк Ц.Элбэгдоржийг спонсорлодог, энэ банкны төлөө Ц.Элбэгдорж ашигтай шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ зөвхөн Ц.Элбэгдоржийн ч банк биш. Энд АН, МАН-ын нөлөө бүхий хүмүүс цаана нь байгаа. Би сайн мэднэ. Үүнийг албан ёсоор ард түмэндээ мэдэгдье.
 
Ч.Сайханбилэг үүний төлөө үхэн хатан хөөцөлдөж Худалдаа хөгжлийн банкинд хууль зөрчиж Монголын стратеги, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ордыг авч өгөхийн төлөө улайрч байна.
 
Банк ийм том өмчийг авч болохгүй. Банк барьцаалж зээл олгодог. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчийн хөрөнгөн дээр тогтож үйл ажиллагаа явуулдаг. Тэдний өмчийг ийм эрсдэлтэй төсөл рүү оруулах ёсгүй.
 
Банк хууль болон дүрмээрээ өөрийн дүрмийн сантай, тодорхой хэмжээний харьцах харьцааны хэмжээнд ямар нэг обьектыг худалдаж авах тухай асуудлыг шийддэг болохоос өөрийнх нь дүрмийн санг хэд дахин давж нугалсан /Оросын цахим хэвлэлд 450-500 сая ам.доллараар зарагдаж байгаа тухай мэдээлэл байсан.
 
Үүнд давхар “Монросцветмет”-ийн  49 хувь явж байгаа/ хууль бус үйл ажиллагаанд оролцож болохгүй. Бүх шатандаа хууль зөрчсөн ажил болж байна. Засгийн газар аваагүй тохиолдолд энэ бол луйварчин байна гэж ойлгох хэрэгтэй. Луйварчин гэдгээ Ч.Сайханбилэг өөрөө хэвлэлийн бага хурал хийгээд албан ёсоор зарлачихлаа. Түүнийгээ “сайхан мэдээ” гэж хэлсэн.
 
Монголын ард түмэнд бол туйлын хар, эмгэнэлтэй мэдээ. Ингэж Монгол Улс цөөхөн хэдэн олигархийн гарт орж, тэдний дохио зангаагаар амьдардаг, далайсан газар нь далд орж, далласан газар нь гардаг байж болохгүй.
 
Ард түмэнд үнэнийг нь хэлсэн хүмүүсийг шоронд хийнэ гэж айлгадаг, гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрна гэж дайрдаг улс төр өнөөдөр явагдаж байна. Ц.Элбэгдоржийн тогтоосон, түүний толгойгүй хүүхэлдэй болсон Ч.Сайханбилэгийн тогтоосон улс төрийг халах цаг нь болж, монголчууд аа.
 
Худалдаа хөгжлийн банк хууль зөрчсөн нь илт. Тэр бүү хэл Монголын бүх компанид тендер зарлах ёстой. Оросын тал өөрийн 49 хувийн эзэмшлийг зарах саналаа өгөх гэж байна. Монголын Засгийн газар ямар нэг шалтгаанаар авахгүй гэж байна. Тэгэхээр үүнийг монгол компаниудыг хооронд нь уралдуулах ёстой. Хамгийн цэвэр, оффшор дансгүй, ямар нэг улстөрчийн халаасанд ороогүй компани байж болно.
 
Гэтэл Худалдаа хөгжлийн банкинд шууд өгч байна. Энэ банкны хувьцаа эзэмшигчийн талаар дандаа эргэлзээтэй, оффшор данстай компанийн мэдээлэл бий. Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцаа эзэмшигчийн 65.83 хувийг Globull Investment & Development (SCA), 7.32 хувийг US Global Investment LLC, 19.95 хувийг United Banking Corporation LLC, 4.78 хувийг GS Mongolia Investment Limited (Golden Sachs), 2.12 хувийг банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг.
 
Үүнээс харахад Монгол байгаа юу, үгүй юу гэж эргэлзэж байна. Оффшор дансаар дамжуулан монголчууд эндээс мөнгө гаргаж, нуусан байж магадгүй. Тэр утгаараа үүний цаана монголчууд байж магадгүй. Ямартай ч энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа. ТУЗ-ийн дарга нь Эрдэнэбилэг гэдгийг бид мэднэ. Сахал Эрдэнэбилэг гэж.
Ц.Элбэгдоржийн дотны хүн. Бусад хүмүүс, тухайлбал Коппа гэгч орлогч дарга буюу гүйцэтгэгч захирлаар нь ажилладаг юм байна.
 
Энэ мэтээр цэвэр луйврын арга. Ийм луйвраар ард түмнийг дэндүү басамжилж байгаа. Хамтран ажиллаж байгаа Засгийн газрын гишүүдээсээ нууж хийлээ. Муу юм биш бол юундаа нуугаад байгаа юм. 450-500 сая ам.долларыг хаанаас оруулж ирж байгаа юм. Энэ бол багагүй мөнгө. Хэний мөнгө, хаанаас орж ирж байгаа юм, хэн цаана нь нуугдаад байна вэ. Үүнийг ч гэсэн бид ил тод мэдэх ёстой.
 
Нэгдүгээрт, манай намын байр суурь бол “Эрдэнэт”-ийг Засгийн газар авах ёстой. Төрд авч өмчлөх ёстой.
 
Хоёрдугаарт, энэ ажлыг хийхийн тулд Засгийн газраар хэлэлцүүлэх ёстой. Оросууд зарж байгаа бол Оросын талд Засгийн газар илэрхийлэх ёстой.
 
Гуравдугаарт, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр амьдарч байгаа банк тэднийг эрсдэлд оруулж ийм үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой.
 
Дөрөвдүгээрт, ийм шатандаа тулж Засгийн газар шийдэж байгаа бол Засгийн газар дээр УИХ-ын тогтоолын дагуу шийдэх ёстой. Тэгвэл зөвхөн Худалдаа хөгжлийн банкийг сонгохгүй, Монголын компаниуд дунд үүнийг ил тод зарлаж, ард түмэнд ойлгуулж хийх ёстой.
 
Эрдэнэтчүүд тэнд “Эрдэнэт” үйлдвэрийнхээ төлөө, энэ үйлдвэрээр тэжээгдэж амьдардаг улс. Хувийн компанийн мэдэлд бүхэл бүтэн хот очихоор болж байна гэдэг нь аль ч талаас бодсон, үндэсний аюулгүй байдал ч тэр, хувийн компани гадаадад байгаа хувьцаа эзэмшигчдийнхээ бүтцээс харвал энд монгол хүн байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна.
 
Монголчууд авч байгаа гэх боловч уншаад үзэхээр дандаа Globull Investment & Development (SCA), US Global Investment LLC, United Banking Corporation LLC, GS Mongolia Investment Limited (Golden Sachs) гэж байна. 2.12 хувийг Монголын ХХБ-ны ажилтан болон хувь хүмүүс эзэмшдэг гэж байгаа.
 
Энэ бол угаас болохгүй асуудал. Үүний цаана Ч.Сайханбилэгийн ашиг сонирхол байна. МАН-ын Т.Бадамжунай байгааг би сайн мэднэ. Үнэхээр Монголын улс төрийн тогтолцоо ялзарчээ. Түүнийг УИХ, дарга нь ч мэддэггүй, мэдүүлдэг ч үгүй. Хамтран ажиллаж байгаа Засгийн газар нь ч мэддэггүй, мэдүүлдэг ч үгүй.
 
Ийм байдлаар энэ асуудлыг шийдэж байгаа бол зарчмын хувьд маш буруу. МАН үүн дээр шуурхай ажиллаж таслан зогсоохыг шаардаж байгааг бид дэмжиж байна. Манай намын байр суурь ч ийм байгаа. Ийм байр суурийг баримталвал бид аль ч намтай хамтран ажиллахад бэлэн байна.
 
Бусад нам ч үүн дээр туйлын зарчмын байр суурь илэрхийлэх байх. Одоо эрдэнэтчүүд Эрдэнэтчүүдийн дуу, хоолой хамгийн чанга байх ёстой. Эрдэнэтээс нэр дэвшиж байгаа хүмүүс ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Аль ч нам хамаагүй. Эрдэнэтчүүдийн төлөө зүтгэнэ гээд явж байгаа хүмүүс яаж дуугарахыг харъя.
 
МАН-ын мэдэгдэлд “Маргааш УИХ-ын санал хураах гэж байгаа энэ эгзэгтэй мөчид...” гэсэн байна. Өөрийн эрхгүй чоно борооноор гэгчээр сонгууль болохын өмнө ийм зүйл яригдаж байгаа бол туйлын харамсалтай байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Энэ гэмт үйлдэл эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа гэж найдаж байна.
 
Оросын нөхдүүд маань үүнийг ойлгох байх. 400, 500 сая ам.доллараар оросууд ийм өндөр тохирсон юм бол Монголын төр засагт гарах бүрэн чадалтай хэдэн луйварчид хаанаас олж ирсэн нь тодорхойгүй мөнгөөр авчихаад эргээд мөнгийг цаанаас нь өгч байгаа хүмүүс Эрдэнэтээр барьцаалвал яах вэ. Үндэсний аюулгүй байдлын ноцтой хохирол учрах юм биш үү.
 
Энэ шийдвэрийг яаралтай цуцлах хэрэгтэй. УИХ дээр хэлэлцэх хэрэгтэй. УИХ-д хэлэлцээд Засгийн газар авах ёстой гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Шаардлагатай бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөв­лөмж гаргаж УИХ дээр энэ чиглэлийн дагуу хэ­лэл­цэж шийдэх ёстой.
 
Харам­салтай нь Ү­н­дэсний аюулгүй байдлын зөвлөлийг хэн толгойлж байгаа билээ. ХХБ-ны ашиг сонирхлыг илэрхийлэгч хүн толгойлж байгаа учраас зөвлөл Монголын ард түмэнд нааштай шийдвэр гаргаж чадна гэдэгт эргэлзэж байна.
 
Гэхдээ УИХ-д эрхбиш олон намын төлөөлөл байгаа учраас  зарчмын байр сууриа ний нуугүй хэлэлцэж, ард түмнээс нуулгүй, дэлгэж байгаад хэлэлцвэл зөв тийшээ шийдэх магадлалтай. АН-ын дарга нь өөрөө энэ асуудлыг мэдээгүй байсан, зарим гишүүн нь ч мэдээгүй байх. Засгийн газрын гишүүд мэдэж байгаа юм шиг байна. МАН бас мэдээгүй байсан гэж ойлгож байна.
 
Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой том асуудлыг бид шийдээд энэ шийдвэрийг засч залруулах хэрэгтэй. Буруу шийдвэр гарч хэн ч араас нь хөөцөлдөж засч залруулах бололцоогүй болно гэж гэнэн бодож болохгүй. Ч.Сайханбилэг тэгж бодож байх шиг байна. Хугацаа хожих гэж улайм цайм уралдаж шат шатандаа худлаа хэлж, Засгийн газрын гишүүдээ хуурч мэхэлж энэ ажлыг хийж байгаа юм байна.
 
Энэ хүн алхам тутамдаа хууль зөрчдөг. Намайг хүр­тэл хууль зөрчиж сонгуульд оролцуулаагүй. Тиймээс энэ хууль зөрчиж байгаа хүнийг алдаа засуулах талаар УИХ санаачлага гаргах байх. Одоо УИХ-ын хаалтын хуралдаан болох юм гэсэн. Тэгэхээр хаалтын хуралдаан хийхдээ Монголын төрд нэг удаа зөв зүйтэй шийд­вэр гаргаад УИХ бү­рэн эрхээ дуусгах хэрэгтэй.
 
“Эрдэнэт”-ийн асуудлыг яаралтай авч шийдэж, энэ Засгийн газрын буруу шийдвэрийг зогсоож засах ёстой гэсэн үүрэг даалгаврыг Ч.Сайханбилэгт өгөх ёстой. Би сүүлд нь зориуд Ц.Элбэгдорж, түүний гар хөл болсон Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай нарын хү­мүүс, тэдгээрийн гар хөл байгууллагууд хэлчихье.
 
Та нар МАХН-ыг яаж ч хавчаад энэ нам байдгаараа байна. Байсаар ч ирсэн. Н.Энхбаяртай, Энхбаяргүй байна. Гэр бүлийг нь яаж ч дарамтлаад бид айхгүй. Та нар шударгаар л үз. Шударгаар үзээд ард түмэндээ харуул. Түүнээс биш ийм муухай байдлаар шийднэ гэж бодож байгаа бол тийм гэнэн битгий бай. Ард түмэн үүнийг хэзээ ч мартахгүй.
 
Та нарыг ард түмэн уучлахгүй. Харин би та нарыг харин уучилна гэдгийг хариуцлагатайгаар хэльчихье. Та нараас айж байгаа нэг ч монгол хүн байхгүй. Өнөөдөр яахав, дарамтлуулсан хү­мүүс дуугаа хурааж байгаа байх.
 
Мань мэт нь Ерөнхийлөгч байсан учраас айхгүй үлгэрийг бусдад үзүүлж тэмцэхгүй бол бусад хүмүүс дуугаа хураачихаад та бүхнийг энэ албан тушаалаасаа зайлахыг хүлээж байгаа. Та нар мөнх энэ албан тушаалд байхгүй шүү гэдгийг бас ард түмний өмнөөс анхааруулан хэлье.
 
Одоо ард түмэн үнэнийг ярьж Монголд буцааж авчрахыг тэмцэж байгаа улс төрийн хүчин, хүмүүстэй итгэх байх. Хуйвалдаагүй юм бол УИХ-ын дарга З.Энхболд са­наачлага гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг УИХ-д яаралтай оруулж хэлэл­цүүлж яаралтай таслан зог­соох хэрэгтэй.
 
Эх сурвалж: