sonin.mn
Өвөрхангай аймагт 2016 оны УИХ-ын болоод Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн 150 хэсэгт 72327 хүн санал өгнө. Энэ өдрийн 17 цагийн байдлаар сонгуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд сонгууль өгөх насны иргэдийн 44193  буюу 61,1 хувь нь саналаа өгөөд байна. 
 
Тойрог тус бүрээр авч үзвэл 19 дүгээр тойрогт санал авах ажиллагаа 60.7 хувь, 20 дугаар тойрогт 54.8 хувь, 21 дүгээр тойрогт 56 хувьтай явагдаж байна.
 
Сумдаар авч үзвэл хамгийн идэвхтэй нь Богд, Хайрхандулаан сумдад 70-72 хувьтай, хамгийн бага нь Арвайхээр сум 53 хувьтай санал өгөөд байгаа аж. Арвайхээр суманд 19510 сонгогч нэрсийн жагсаалтанд санал өгөхөөр бүртгэгдсэн ба 17 цагийн байдлаар 10517 иргэн саналаа өгчээ.
 
Санал өгөх байдлаар Өвөрхангай аймаг улсын дунджаас дээгүүр байгаа ч сонгогчдын дунд мэдлэг муутайгаас буруу бөглөн саналын хуудсыг хүчингүй болгож улмаар саналын хуудас дутах магадлалтай байгаа гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг