sonin.mn
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АН-ын сонгуулийн төв штабаас гаргасан мэдэгдлийг танилцууллаа. 
 
Тэрбээр “АН-аас 21.00 цагаас мөнгө тараана гэсэн явган яриа, цууг их тарааж байна гэх мэдээллийг нийслэлийн хэсгийн хорооноос өглөө. Манай нам ямар ч мөнгө тараахгүй. Бид сонгуульдаа шударгаар оролцоно. Үүнээс гадна санал тоолох машин АН-ын талд байна гэсэн цуу яриа гаргаж байна.
 
Өмнөх сонгуулиар бүх аймгийн төлөөллийг байршуулж 1898 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж, будилаан гарсныг эс тооцвол 1897 машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан” гэж мэдэгдэв. 
 
Мөн “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл хийсний дараа МАН-аас мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлд Д.Оюунхоролыг гүтгэж байна гэсэн. Энэ бол гүтгэлэг биш. Үүнийг шүүхээр тогтоосныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн нь гүтгэлэг биш гэдгийг баталж байна” гэв.
 
Үүнээс гадна орон нутагт, нийслэлд зөрчил, хууль бус үйлдэл их гарч байхад цагдаагийн байгууллага хойрго хандаж байгааг тэрбээр шүүмжлэв. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг