sonin.mn
Нийслэлийн хэмжээнд 17.00 цагийн байдлаар 405 мянга 236 хүн УИХ болон НИТХ-ын сонгуульд санал өгч, ирц 48.03 хувь болжээ.
 
Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлж буйгаар Багахангай дүүрэгт ирц хамгийн өндөр буюу 63.94 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 40.03 хувийн ирцтэй байгаа юм. Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт сонгогчдын ирц 50 хувийг давжээ. Харин Баянзүрх, Багануур, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ирц 40-47 хувтай байна.
 
Үдээс өмнө санал тоолох автомат машин гацах, хурууны хээ уншигч ажиллахгүй болох зэрэг хэд хэдэн гэмтэл гарсныг дүүргүүдийн Сонгуулийн хороо болон Мэдээллийн технологийн баг ажиллаж зассан. Санал авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна хэмээн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана хэллээ.
 
Мөн тэрбээр, “Санал авах байруудын гадна болон дотор талд камер суурилуулсан. Дотор камер санал авах үйл ажиллагааг хэвийн явж буйд хяналт тавих зориулалттай. Өмнөх сонгуулиудын үеэр иргэдийг санал өгөхөөр ирэх үед нь байрны гадаа дарамтлах, мөнгө, эд зүйл тараах зэргээр саналд нь нөлөөлдөг байсан. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор гадна талбайг мөн камержуулсан. Одоогоор зөрчил илрээгүй байна” гэв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг