sonin.mn
МАН-ын сонгуулийн штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын гишүүн Су.Батболд батлагдаж нотлогдоогүй асуудлаар Ардчилсан нам мэдээлэл хийж, зарим нэр дэвшигчийн эрхэнд халдлаа. Иймээс үнэн зөв бодитой мэдээллийг мөн хийхээс аргагүй боллоо гэдгээ хэллээ.
 
Тэрбээр “Архангай аймгийн Их тамир сумын сонгогчдод архи тараах гэж байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирж, очиж шалгахад “УБМ” дугаартай автомашинд нэр дэвшигч Д.Ганхуягийн сонгуулийн сурталчилгаа, архи ачсан байсан. Энэ хэргийг аймгийн Цагдаагийн байгууллагад шалгаж байна.
 
Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга асан Төмөр-Очир оролцохдоо “Р.Гончигдоржийн сонгуулийн штабынхан Ж.Мөнхбатын штабынханд халдсан” гэдэг зүйл ярьж хууль зөрчсөн гэсэн. Энэ асуудлыг бид утсаар ярьж тодруулахад “Ийм зүйл яриагүй” гэдэг тайлбар хийлээ.
 
Гэхдээ сонгуулийн сурталчилгаа хараахан дуусаагүй байх үед нэр дэвшигч Ж.Мөнхбатын сонгуулийн штабт ажиллаж байсан хүний биед халдсанаас хоёр хавирга хугарч бэртэл авсныг эмнэлгийн байгууллага тогтоосон, эмчлүүлж байна.  
 
УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрог/Чингэлтэй дүүрэг/-т нэр дэвшин өрсөлдөж байгаа Г.Баярсайхан нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгөхийг уриалсан хууль зөрчсөн үйлдэл болсон.
 
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сонгуулийн сурталчилгаа явж байгаа энэ үед нэр дэвшигч Д.Оюунхоролын бүрэн эрхэд, нэр хүндэд халдсан ноцтой мэдэгдлийг хийлээ. Нэрийг нь татах хэмжээний ноцтой зөрчил гаргалаа гэсэн. Гэтэл Д.Оюунхорол нэр дэвшигчийн нэр дээр шүүхийн шийдвэр ирээгүй байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос “Нэр дэвшигч Д.Оюунхоролыг  нэр дэвшигчээс хасах шийдвэр гаргаагүй” гэдэг тайлбарыг ирүүлсэн” гэж хэллээ.
 
Мөн Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын авто машин руу цагдаагийн байгууллага хууль бусаар нэвтэрч нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх үед нь хувийн хэрэгцээний 200 мянган төгрөг байсан. Үүнийг нь биедээ их хэмжээний мөнгө авч явсан, түүнийгээ сонгогчдод тараах гэж байсан гэж сошиалаар хуурамч мэдээлэл тарааж ташаа ойлголт төрүүлж байгаад харамсаж байна.
 
Энэ асуудалтай холбоотойгоор нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар Увс аймгийн Цагдаагийн байгууллагад хандсан байгаа” гэдэг мэдээллийг мөн хийлээ.
 
Г.ХОРОЛ
Эх сурвалж: "News.mn"