sonin.mn
УИХ болон аймгийн ИТХ-ын сонгууль орон даяар эхэлж байна. Энэ өдөр Ховд аймгийн нутгаар үргэлжилсэн бороо орж, зарим газарт санал өгөх бэрхшээл үүсч байгаа ажээ. Энэ талаар Мянгад, Булган, Мөнххайрхан сумын зарим удирдлагуудтай утсаар холбогдож лавлалаа.
 
Ховд аймгийн Булган сум УИХ-ын 36-р тойрог, аймаг нийслэлийн 14-р тойрогт нийт 5800 сонгогч санал өгөх юм. Сумын төвийн сонгогчдод санал өгөхөд ямар нэг хүндрэл үүсээгүй байна.
 
Тус сумын ИТХ-ын дарга Б.Гантулга “Үргэлжлэн орж байгаа борооны улмаас Алагтолгой багийн нутаг Бумбатын гол тийш сонгогчид явахад гүвээ даваа хальтиргаатай, гулгаатай хүндрэлтэй байна. Булган голын усны түвшин ихэдвэл даваа гүвээ хаагдаж, хүндрэх төлөв ажиглагдаж байна" гэлээ.
 
Ховд аймгийн Булган сум хамгийн олон хүн амтай, аймгийн төвөөс 300 гаруй км алслагдсан сум юм.  
 
Усны түвшин нэмэгдсэн ч бэрхшээл гараагүй байна
 
Ховд аймгийн Мянгад сумын нутаг Ховд гол үргэлжлэн орсон борооны улмаас усны түвшин ихэсч аюултай түвшинд хүрээд байгаа юм. Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвасүрэн “Ховд голын усны түвшин хэтэрсэн. Гэхдээ манай сум баталгаатай ганц гүүртэй, Үүгээрээ  аймгийн төв, багуудаас сонгогчид ирж гарч саналаа өгнө. Одоо гол дагуу айлууд байхгүй, хөдөө уул руу гаа нүүсэн" гэлээ.
 
УИХ-ын сонгуулийн 36-р тойрог сумын төвийн сонгуулийн хэсэгт одоогоор санал өгч буй байдал 30 хувьтай байна. Хөдөөгийн 5 хэсэгт малчид  санал өгч буй байдалд ямар нэг саад бэрхшээл гараагүй байна.
 
Зарим сонгогч 150  км зам туулж санал өгөхөөр ирж байна
 
Мөнххайрхан сумын ИТХ-ын дарга Б.Цэнгэл "Алслагдсан сумын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг Сонгуулийн  хуулиар зохицуулж өгөөгүй нь тухайн иргэдэд жаахан хүндрэл үүсгээд байна”   гэлээ. Тус суманд 1375 сонгогчийн санал авахаар 4 хэсэг ажиллаж байна.
 
Ховд аймгийн Мөнххайрхан сум аймгийн төвөөсөө 150 км алслагдсан Алтайн өндөр уулсаар хүрээлэгдсэн, зам даваа бартаа ихтэй юм. Аймгийнхаа сумдаас хар замтай холбогдоогүй ганц хоёр сумын нэг.  Зарим сонгогч сумаасаа шилжүүлэг хийлгүй аймагт суурьшсан тул аймгийн төвөөс 150 гаруй км зам туулж, сумын төв ороод, дахиад баг руугаа 40-50 км зам туулж санал өгч байгаа ажээ. Энэ сонгогчид ах дүү, хамаатан садныхаа унаанд дайгдан очиж сумандаа  бүр цаашлаад баг руугаа санал өгч байгаа ажээ.
 
Ховд аймгийн Мөнххайрхан суманд Сэнхэрийн голын усны түвшин хэвийн байна.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж "Монцамэ" агентлаг