sonin.mn
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр /2016.06.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Узбекистаны нийслэл Ташкент хотноо өнгөрсөн долоо хоногт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-ын XVI дахь удаагийн төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан болж амжилттай өндөрлөснийг тэрбээр тодотголоо. Монгол Улс тус байгууллагад идэвхитэй ажиглагч орны статустайгаар 11 дэх жилдээ оролцсон байна.
 
Энэтхэг, Пакистан зэрэг орнууд тус байгууллагад гишүүнээр элсэнэ гэсэн хүлээлт байсан ч болоогүй аж. Энэтхэг улсын хувьд ирэх жил болох ШХАБ-ын уулзалтаар гишүүнээр элсэнэ гэсэн найдвар тээж байна гэдгээ мэдэгджээ.
 
Монгол Улсын хувьд цаашдаа ч ШХАБ-д идэвхитэй ажиглагчийн статусаа барих байр суурь барьж буй аж. ШХАБ-ын гишүүн орнуудын хүрээнд банк байгуулах, дэд бүтэц хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ гэж яригддаг ч одоогоор хэрэгжсэн төсөл үгүй юм байна. Гэхдээ дээрх төсөл хэрэгжээд эхэлсэн нөхцөлд Монгол Улс оролцоод явах боломжтой гэдгийг Гадаад хэргийн сайд хэллээ.
 
Дээрх хуралдааны үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн гурав дахь уулзалт амжилттай болж өндөрлөснийг цохон тэмдэглэлээ.
 
Өнгөрсөн жил ОХУ-ын Уфа хотноо болсон гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Эдийн засгийн бүс байгуулах тухай санамж бичгийг байгуулж, нэг жилийн турш хэлэлцээрийн хүрээнд асуудлаа тодорхой болгохоор тохиролцсон байна.
 
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсыг төлөөлөн Гадаад хэргийн яам хоёр улсын холбогдох яамдуудтай гурван талт болон хоёр талт хэлэлцээрийг олон удаа хийж, Монгол Улсад ашигтай байх хэмжээний хөтөлбөрийг тохирсон байснаа сая гарын үсэг зурж баталгаажуулж авчээ. Үүнд тээврийн асуудлыг багтаасан байна.
 
Авто зам, төмөр зам, эрчим хүчний дамжуулах шугам, хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлууд хамаарсан шийдвэрт хүрсэн байна. Нийтдээ 32 төслийн хэмжээнд тохиролцжээ.
 
Санхүүжилтийн зарчмыг шийдэх хүрээнд ОХУ хөрөнгө оруулбал Монгол Улс боломжийн хэмжээгээр хөрөнгөө гаргана, Хятад улс хөрөнгө оруулалтаа хийгээд явах тохиролцоонд хүрсэн байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк санхүүжилт хийх боломжтой хэмээн үзжээ.  
 
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийн хариулав.
 
-Япон улс руу гаргах дадлагажигчийн асуудал дээр иргэдийн мэдээлэл маш их зөрүүтэй байна. Япон улсын парламентаас дадлагажигчийн асуудлыг албан ёсоор батлаагүй байхад Монголд үүнийг эхлүүлэх шаардлага байсан уу гэдэг асуудал ч хөндөгдөөд эхэллээ. Тодорхой тайлбар хийх боломж байна уу?
 
-Гадаад хэргийн сайдын хувьд өнгөрсөн тавдугаар сарын 30-31-нд Япон улсад айлчилсан, үргэлжлүүлээд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд зургаадугаар сарын 1-2-нд тус улсад ажлын айлчлал хийсэн.  
 
Жилийн өмнө Япон улс олимп зохион байгуулах эрх авсантай холбоотойгоор Монгол Улсаас ажиллах хүчин авъя гэж сонирхолоо илэрхийлсэн байдаг.  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ асуудлын хүрээнд нэлээн удаа хугацаанд хэлэлцээр хийсэн. Тэрбээр УИХ-ын даргыг ажлын айлчлал хийх үеэр мөн Японд айлчилсан.
 
УИХ-ын даргын айлчлалын үеэр хоёр тал тохиролцоод бэлтгэл ажилдаа оръё гээд энэ тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
 
Япон улс энэ жил сонгуультай, сонгуулийнхаа дараа Нийгмийн халамжийн зарим хуульдаа өөрчлөлт оруулаад ирэх аравдугаар сарын 1-ээс шинэ хууль хүчин төгөлдөр болно. Тэр үеэс тоогоо тохиръё, хэдэн хүн авахаа гэсэн юм билээ. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт 100 мянга хүртэл дадлагажигчийг өндөр хөгжилтэй оронд явуулж дадлагажуулна гэж байгаа.
 
Япон улсыг онцгойлон хараад байгаа нь тус улстай Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь зургаадугаар сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээрийн хүрээнд таван жилийн хугацаанд Японы тал Монголыг хүнээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
 
Монгол Улс ирээдүйд өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орчин үеийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хүнээ бэлдэж авах шаардлага байгаа. Энэ бол БНСУ-руу илгээдэг ажиллах хүчин биш, дадлагажигч юм. Монгол Улсад шинжлэх ухааны өртөг шингэсэн аж үйлдвэр хөгжихөд хүмүүс нь бэлтгэгдсэн байх ёстой, энэ зорилгоор бэлтгэгдэх хөтөлбөр.
 
Энэ асуудлыг Японы талтай бүрэн ойлголцож, гарын үсэг зурсан. Монголын тал япон хэлний бэлтгэлийг хангах үүрэг хүлээсэн. Ийм учраас ирэх аравдугаар сарын 1-ийг хүлээхгүйгээр бид хүмүүсээ бүртгэж япон хэлний сургалтад хамруулах ёстой. Японы ёс заншил зэрэг олон зүйлээр сургалт явуулах шаардлага бий. Харамсалтай нь, сонгуулийн үеэр улс төржүүлээд эхэллээ.
 
Японы Элчин сайдын яам руу халдлага хийж, зохион байгуулалттайгаар 100 мянган хүн явуулна гэдэг тоог зохиомлоор гаргаж ирсэн. Дээрээс нь Японы Элчин сайдын яам руу одоо бүртгүүлье гэж хүмүүсийг өдөөн хатгаж утасдуулж эхэлсэн.
 
Хоёр талын тохиролцсоноор эхлээд Монголын талдаа бүртгэж япон хэлний бэлтгэлийг хийнэ гэсэн болохоос биш өнөө маргаашгүй Япон руу явуулах асуудал яригдаагүй. Үүнийг мушгин гуйвуулсан. Энэнд залруулга хэрэгтэй.
 
Монголын тал өөрийнхөө бэлтгэлийг хангаж, Япон руу явуулах дадлагажигчийг бэлтгэх хөтөлбөрийнхөө хүрээнд хэлнийх нь бэлтгэл рүү оруулсан юм.