sonin.mn
Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2016 оны 6 дугаар сарын 1-3-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
 
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай уулзах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн чиглэлийн төмөр замын төслийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсныг тэмдэглэж, энэ асуудлыг нааштай судалж үзэхийг хүссэн байна.
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлаар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл, мөн монголын талаас дэвшүүлж буй саналыг иж бүрэн цогцоор нь судалж үзнэ” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.