sonin.mn
ХЕЛЬСИНКИ. /Sputnik/. 2017 оны намрын улирлаас эхлэн Финландын хамгийн том бөгөөд хамгийн нэр хүндтэй сургууль болох Хельсинкийн их сургууль олон нийтийн хүсэлтээр оюутнууддаа сомали хэлээр магистрын зэрэг хамгаалах боломж олгох гэж байна.
 
Үүний сацуу ирэх жилээс тус сургуулийн оюутнуудад сомали хэл судлалаар мэргэших боломж нээгдэж байна. Сургалтын бүтэн хөтөлбөр нь эх хэлээрээ буюу сомалиар ярьдаг хүмүүс болон бусад хүмүүст өөр өөр байх болно. Энэ намар сургалтын бүтэн хөтөлбөр эхлэхээс өмнө сомали хэлний богино хугацааны сургалт явагдаж эхлэх юм.
 
Их сургуулийн хичээлийн эрхлэгч Арто Мустажокигийн ярьснаар, сомали хэлний гэрээт багшийн орон тоог удахгүй зарлах бөгөөд одоогоор хэчнээн оюутан элсэхийг хэлэх боломжгүй байна гэжээ. Мустажокигийн барагцаалан тооцсоноор, жил бүр 6-8 оюутан элсүүлэн авах аж.
 
Финланд дахь сомали хэлээр ярьдаг үндэстний цөөнхийн тоо өсч байгаа учраас их сургуулийн хувьд олон нийтийн хүсэлтийг үл тоомсорлох аргагүй юм.
 
Мөн түүнчлэн Хельсинкийн их сургууль хятад болон араб хэлний ангид элсүүлэн авах хүмүүсийн тоог жил бүл 15-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол герман болон франц хэлний ангийн элсэлтээ цөөрүүлж эхэлжээ. 
 
Сомаличууд бол оросууд болон эстончуудын дараа Финландад гуравдугаарт орох үндэстний цөөнх бөгөөд одоогоор 20 мянган сомаличууд тус улсад амьдарч байгаа юм. Тэдний ихэнх нь Хельсинки хот болоод Уусиймаа мужид амьдардаг ажээ.  
 
Сомалийн анхны цагаачид тус улсад дэгдсэн иргэний дайны улмаас 1990-ээд онд Финландад дүрвэн ирсэн юм. Статистик мэдээллээр, 2014 онд Финландад сомали хэлээр яригч 16 721 хүн байсан бөгөөд энэ тоо өссөөр байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг