sonin.mn
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Түр хасав тэмдэглэгээтэй иргэд санал авах өдрөө хүртэл санал авах байранд ирж шууд тус тэмдэглэгээнээс хасуулж саналаа өгөх эрхтэй" хэмээн мэдээлэв.
 
Ээлжит сонгуультай холбогдуулж тус байгууллага сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг хуулийн хугацаанд гаргасан байна. Ингэхэд нийт 1.912.901 сонгогчийг бүртгэжээ. Түүнчлэн хилийн чанадад ажиллаж сурч байгаа болон түр хугацаанд ажиллахаар явсан иргэдийг сонгогчийн жагсаалтад “Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй оруулсан аж.
 
Түүнчлэн хорих ангид ял эдэлж байгаа болон түр саатуулах байранд саатуулагдсан иргэд мөн сонгогчийн жагсаалтад “Түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй байгаа гэнэ. Ийм тэмдэглэгээтэй иргэд 85.922 байгаа тухай мэдээллийг улстөрийн намуудад нээлттэйгээр хүргүүлжээ.
 
Энэ сарын 3-21-ны хооронд 897 хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлж, 185 иргэн харьяатаас гарч, шинэчилсэн болон хаягийн бүртгэлд гүйцээж орсон 264, мөн гадаадад зорчиж байсан болон хорих саатуулах байрнаас гарсан 1685 иргэнийг “Түр хасав” тэмдэглэгээнээс хасч үндсэн сонгогчийн бүртгэлд оруулсан байна.
 
Сонгогчийн шилжүүлэг хийх хүсэлтийг нийт 21.199 иргэн гаргажээ. Эдгээр иргэдээс 18.309 нь энэ сарын 18-ны дотор санал өгөх газартаа бүртгүүлсэнээр санал өгөх эрх нээгдсэн байна.
 
Сонгогчийн шилжүүлгийг ерөнхий байдлаар нь ажиглахад тухайлсан дөрвөн аймгийн нэгж тойргуудад  сонгогчийн шилжүүлэг  түлхүү хийгджээ. Үүнд, Архангай аймагт 1341 сонгогч, Баянхонгор аймагт 2261 сонгогч, Увс аймагт 3300, Хөвсгөл аймагт 2985 шилжиж очсон гэдгийг газрын дарга хэллээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг