sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Дэлхий дахинд агаарын бохирдлын улмаас жил бүр 6.5 сая хүн нас барж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.
 
Эрчим хүчний салбарт хорт утаа ялгаруулалтыг эрс багасгахын тулд тууштай алхам хийж эхлэхгүй бол энэ тоо улам өсөх магадлалтай байгааг тус агентлагаас анхааруулж байна.
 
Гадаа гудамжин дахь агаарын бохирдлын улмаас зуурдаар нас барагсдын тоо өнөөдөр 3 саяд хүрээд байгаа бол 2040 он гэхэд 4.5 саяд хүрч өсч магадгүй байна. Харин гэр доторх агаарын бохирдлын улмаас нас барагсдын тоо 3.5 саяас 3 сая болж буурна гэж мэдээлэлд дурджээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, бүрэн шаталттай зуух, цэвэр түлш үйлдвэрлэх болон бусад арга хэмжээнд зарцуулах хөрөнгө оруулалтыг 7 хувиар нэмэгдүүлэхэд 2040 он гэхэд эрүүл ахуйн үзүүлэлтүүд эрс сайжирна гэжээ.
 
Гадаах агаарын бохирдлын гол эх үүсвэр нь цахилгаан станцууд, үйлдвэр болон автомашин зэрэг байдаг бол хөгжиж буй орнуудын хувьд гэрийн доторх агаарын бохирдлын эх үүсвэр нь түлшийг дутуу шатаадаг зуухнууд ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг