sonin.mn
Монгол Улсын хууль сахиулах байгууллагын ажилчид 2016 оны зургадугаар сарын 14-нөөс 22-ны хооронд хүний наймааны гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг сайжруулах сургалтад оролцов.
 
Уг сургалтыг АНУ-ын Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах хэлтсээс санхүүжүүлсэн бөгөөд сурталт нь хүний наймааны хэрэг мөрдөх үйл ажиллагааг хохирогч төвтэй болгоход оролцогчдыг чадавхижуулах, мөн бусад газар хэлтсүүдтэй хамтран ажиллах арга барилыг сайжруулахад чиглэжээ.
 
Сургалтад Монголын цагдаа, прокурор, эрүүгийн шүүхийн шүүгчид болон Хууль сахиулахын Их сургуулийн хүний наймааны гэмт хэргийг судалдаг багш нар хамрагдсан байна.
 
Сургалтыг АНУ-ын Варнат Группэд хамаардаг олон улсын мэргэжилтнүүд болох АНУ-ын Хууль зүйн яамны холбооны прокурор асан Алберт Московиц болон Жон Ричмонд, хүний наймаатай тэмцэх салбарт ажилладаг бие даасан хууль сахиулахын мэргэжилтэн Стив Харви нар удирдан явуулсан юм. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг