sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Чилийн хөлбөмбөгийн шигшээ баг шувтаргын тоглолтод аргентинчуудыг 4:2-ын харьцаатайгаар хожсоноор хоёр удаа дараалан Америк тивийн цомын  /Copa America/ эзнээр шалгарлаа. Тоглолт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист Рутерфорд хотод болжээ.
 
Цом гардан авсан Чилийн хөлбөмбөгчид 6,5 сая доллар, аман хүзүүдсэн  аргентинчууд 3,5 сая долларын шагнал  тус тус хүртсэн байна. Ингэснээр Чилийн шигшээ баг хоёр дахь удаагаа дараалан цом авсан хоёрдахь баг болж байгаа юм. Өмнө нь Аргентины баг 1946 болон 1947 онд дараалан цомын эзэн болж байжээ.
 
“Copa America-2016” –гийн шигшээ тоглолтын үндсэн болон нэмэлт цагт хоёр багийн аль нь ч гоол хийгээгүй учраас ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулсан байна. Аргентины багийн Лионель Месси, Лукас Билья нар, түүнчлэн Чилийн Артуро Видаль торгуулийн цохилтыг алджээ.
 
Бразилын шүүгч Эбэр Лопес тоглогчдод 8 шар, 2 улаан хуудас өгсөн нь финалын тоглолт хэр зэрэг ширүүн өрсөлдөөнтэй болсныг харуулж байна. Тоглолтын 29 дэх минутад Чилийн хагас хамгаалагч Марсело Диас хоёрдахь удаагаа шар хуудас авснаар талбайгаас хөөгдсөн бол 43 дахь минутад Аргентины хамгаалагч Маркос Рохо бүдүүлэг алдаа гаргаснаар улаан хуудас авчээ.  
 
2015 оны “Copa America”-гийн шигшээ тоглолтод Чили, Аргентины багууд мөн хоорондоо тунаж үлдэж байлаа. Тоглолтын үндсэн болон нэмэлт цагт багуудын аль аль нь гоол хийж чадаагүй учир торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан юм. Пенальти цохиход чиличүүд 4:1 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авчээ.
 
Энэ оны Америк тивийн цомын төлөөх тэмцээн 6 дугаар сарын 3-наас эхлэн  АНУ-ын 10 хотод болсон нь Өмнөд Америкаас өөр газарт анх удаагаа зохион байгуулагдсан хэрэг юм.  Түүнээс гадна, цомын тэмцээн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо /КОНМЕБОЛ/ байгуулагдсаны 100 жилийн ойтой давхацжээ.
 
2016 оны  “Copa America”-д КОНМЕБОЛ-ын гишүүн 10 улс болон түүхэнд анх удаагаа Хойд, Төв Америк болон Карибын тэнгисийн 6 орны хөлбөмбөгийн шигшээ багууд оролцсон байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг