sonin.mn
ЛОНДОН./NHK/. Их Британийн Консерватив нам шинэ удирдагчаа сонгох шаардлагатай болоод байна. Их Британийг Европын Холбооны гишүүн хэвээр үлдээхийг олон нийтэд уриалж байсан боловч энэ ятгалга нь амжилтгүй болсны дараа Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцорно гэдгээ мэдэгдсэн юм.
 
Кэмерон хэлэхдээ “Консерватив нам энэ оны 10 дугаар сар гэхэд шинэ удирдагчаа сонгох хэрэгтэй” гэсэн билээ. Түүний халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн бол парламентын гишүүн Борис Жонсон гэж тус улсын хэвлэлүүдэд бичиж байна.
 
Тэрбээр Их Британийг ЕХ-ноос гарахын төлөөх хөдөлгөөнийг удирдаж байсан юм. Харин Кэмероныг дэмжээгүй учраас намын зарим гишүүд Жонсонд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
 
Жонсон эхэндээ ЕХ-нд үлдэх талыг баримталдаг байсан боловч сүүлдээ байр суурь нь өөрчлөгдөж, тус холбооноос гарахыг дэмжин саналаа өгөхийг хүмүүст уриалж байсан юм. Ерөнхий сайдын суудалд суух зорилгоор Жонсон үзэл бодлоо өөрчилсөн гэж намын гишүүдийн зарим нь үзэж байна.
 
Кэмероны халааг авах магадлалтай хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ням гарагт хэвлэлүүд гаргажээ.  Уг жагсаалтад багтсан Дотоод хэргийн сайд Тереза Мэй ЕХ-нд үлдэхийг дэмжиж байсан боловч кампанит ажилд идэвхтэй оролцоогүй юм.
 
Лордуудын танхимын дарга Майкл Гоувын нэр ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн нэрс дотор байна. Тэрбээр ЕХ-ноос гарахыг дэмжиж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг