sonin.mn
Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт 117 хувьтай байгааг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мэдээлэв. 2016 оны хаврын тариалалт өнгөрсөн сарын 08-нд эхэлж, 490.5 мянган га талбайд тариалалт хийжээ.
 
Энэ онд улсын хэмжээнд 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлвлөснийг давуулан биелүүлж, 353.3  мянган га болгожээ. Мөн төмс 14.1 мянга, хүнсний ногоо 7.8 мянга, тосны ургамал  63.7 мянга,  тэжээлийн ургамал  25.1  мянга,  эмийн ургамал  4.2 мянган га талбайд тариалжээ.
 
Тариалалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт мөн үеийн түвшинд байгаа бол  төмс, хүнсний ногооны тариалалт  1.0-1.5 мянган га талбайгаар нэмэгджээ. Харин тосны ургамлын тариалалт 15.0 мянган га талбайгаар бага байгаа юм.
 
Одоогоор нийт тариалалт хийсэн талбайн 75.8 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ. Мөн энэ жил 335 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс 85 мянган га-д нэгдүгээр боловсруулалт хийсэн байна. Хэрэв ургац алдахгүйгээр улаанбуудай, төмс, хүнсний ногоогоо хурааж чадвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана хэмээв.
 
Өнгөрсөн онд гантай байсан тул ихээхэн ургац алдсан. Энэ оны 6, 7 сард газар тариалалтын бүсэд хур тундас олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгааг БОНХАЖЯ-наас мэдээлжээ.
 
Засгийн газар, ХХААЯ-наас тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр  4.1 мянган тонн  шатахууныг 10-50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгожээ.
 
Түүнчлэн тариаланчдад 50 хувийн урьдчилгаатай шатахууны зээл олгох шийдвэр гарсан байна. Ингэснээр иргэд 1 литр шатахууныг 950 орчим төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байгаа юм.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг