sonin.mn
 
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.
 
 
Монгол Улсын Их Хурлаас 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, уг хуулиар Хөгжлийн банкны үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болсон. Хөгжлийн банк нь Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэх зорилготой төрийн өмчит төрөлжсөн банк юм.
 
Хуулийн төсөлд Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр тус банкны өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр шаардлагатай тохиолдолд нэмэлт хувьцаа гарган, хувийн өмчит хуулийн этгээдэд худалдаж болох талаар зохицуулалт тусгажээ. Мөн банкны засаглалыг сайжруулах чиглэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд болон уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цаашид эдийн засгийн өсөлтийг хангах ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байр, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.
 
Мөн Сангийн сайд Б.Болор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барив.
 
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан нэг тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.
 
Уг хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээхээр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан, холбогдох яамдын Сайд, газрын дарга нарын төлөөлөл ажиллаж байгааг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулав.
 
Дээрх ажлын хэсэг болон Сангийн яам зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн саналуудыг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр хэлэлцжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.