sonin.mn
 
Манай улс Зөгийн балны хэрэгцээнийхээ 70 хувийг гаднаас 30 хувийг дотоодоос хангаж байна. Зөгийн балны хэрэгцээг дотоодын хүчин чадлаар бүрэн хангахын тулд  зөгийн аж ахуйг бодлогоор дэмжих нь чухал гэдгийг зөгийчид онцолж байна.
 
 
 Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ хамтран “Халбага зөгийн бал” хэрэглээний боловсрол олгох аяны нээлтийг ХХААЯ-ны хурлын танхимд хийлээ.
 
ХХАА-н сайд Р.Бурмаа аяныг нээж хэлэхдээ, 
 
“Засгийн газраас зөгийн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд бодлогоор дэмжсэний үр дүнд олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихэд анхаарч эхэллээ. ХХААЯ-наас 2013 онд 30 жил тасарсан Зөгийчдийн 3 дугаар чуулганыг зохион байгуулсан нь зөгийн аж ахуй өдий дайнд хүрэхэд суурь нь болсон юм. Төр засгийн бодлого, дэмжлэг, зөгийн аж ахуй эрхлэгчдийн хичээл зүтгэлийн үр дүнд бид 2015 онд улсын хэмжээнд түүхэндээ анх удаа түмэн бүл зөгийтэй боллоо. Өмнө нь дотооддоо 30-50 тонн зөгийн бал үйлдвэрлэж байсан бол эдүгээ 150 тонн зөгийн бал үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 30 орчим хувийг хангаж байна. Цаашид бид бодлогоор зөгийн аж ахуйг дэмжсэнээр үйлдвэрлэлийг нэмэх бүрэн боломжтой” хэмээн онцоллоо.
 
 “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Туяа ярихдаа, 
 
“Халбага зөгийн бал” аяныг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж буй юм. Тус аян монгол хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээсээ хүн амын хэрэгцээгээ хангах боломж байгаа гэдгийг харуулна. Улсын хэмжээнд 563 зөгийчин бий. Үүний тал хувь нь манай нийгэмлэгийн гишүүн. Монгол Улсын хэмжээнд  жилд  600 тонн зөгийн бал хэрэглэж, 500 тонныг экспортлодог. Өнөөдөр дотоодын хэрэглээг хангахын тулд хэрэглэгчдийн мэдлэгийг сайжруулах шаардлагатай учраас хэрэглэгчдэд зөгийн балны ач тусыг таниулж байна” гэлээ.
Европын бараан, Карпат, Алс Дорнод, Кавказын уулын орог, Башкир зөгийг манай  улс нутагшуулсан байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж:" Монцамэ" агентлаг