sonin.mn
 
Монгол Улсын 4 дүгээр ээлжийн цэргийн баг Исламын Бүгд Найрамдах Афганистан улс дахь Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд оролцох бэлтгэлээ бүрэн хангалаа.
 
 
Дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүлсэн юм.
Дөрөвдүгээр ээлжийн Цэргийн багийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт 30 гаруй анги байгууллагын 100 гаруй цэргийн алба хаагч багтаж байна.  Үүний 93 хувь  нь  өмнөх энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.
 
Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Содномдаржаа нь Зэвсэгт хүчинд 20 гаруй жил зүтгэж буй  бөгөөд Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтний алба хашдаг аж.
 
Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын удирдлага болон бие бүрэлдэхүүн, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ар  гэрийнхэн оролцлоо.
 
 
 УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ, "Монгол Улсын Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал. Энэ нь улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын  нэг илэрхийлэл юм. Энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой төдийгүй улс орноо сурталчлах, цэргийн алба хаагчдаа  хөгжүүлэх,  зэвсэг техникээ шинэчлэхэд нааштай үр дүн авчирч байна.
 
Эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээдэг уламжлалтай.  Цагийн байдлын нөхцөл хүнд  ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, нэг санаа зорилготой үйл ажиллагаагаараа манай энхийг сахиулагчид ялгардаг. Монголын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөн бусад орнуудын цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараа таниулан эх орон, төр, ард түмэн, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгээд ирнэ гэдэгт итгэл дүүрэн  байна” гэлээ. 
 
Манай улс Афганистан Улс дахь Олон Үндэстэний Эвсэлийн Цэргийн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны ХБНГУ-ын тэргүүлсэн умард бүсийн командлал, “Мармал” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Монгол Улсаас  2014 оны 12 дугаар сараас анхны ээлж үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг