sonin.mn
 
 
БЭЭЖИН. /TASS/. Хятад улс 2036 оноос өмнө Сар руу сансрын нисгэгчдээ илгээх бол 2020 оны үед Улаан нүдэн гараг руу автомат төхөөрөмж хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ талаар Бээжинд болж буй шинжлэх ухаан техникийн бага хурлын үеэр хэлэлцжээ.
 
БНХАУ одоогийн байдлаар цөмийн 24 реактор барьж байгаа төдийгүй хөвөгч АЦС барих боломжийг судалж байгаа аж. Түүнээс гадна “Байду” хэмээх 24 хиймэл дагуулаас бүрдэх сансраас байршил тогтоох системийг бий болгохоор ажиллаж байгаа тухай “Жунго жибао” сонинд дээрх бага хурлын материалаас иш татан бичжээ. 
Түүний сацуу, өргөн их биетэй, зорчигч тээврийн С919 гэдэг нисэх онгоцыг турших үйл явц нэгэнт эхэлсэн байна. Уг онгоцыг Boeing болон Airbus-тай өрсөлдөхүйц түвшинд зохион бүтээжээ.
 
Харин цэргийн нисэх хүчний салбарт Хятадын инженерүүд J-20 /Зянь-20/ гэдэг радарт үл үзэгдэх 5 дугаар үеийн сөнөөгч онгоц болон Y-20 /Юнь-20/ хэмээх цэргийн тээврийн нисэх онгоцыг зохион бүтээж байна.
 
Шинжлэх ухааны бага хуралд оролцсон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Көцян үг хэлэхдээ “шинжлэх ухаан, технологийн салбарын мэргэжилтнүүдэд илүү өргөн боломж ба санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэдгээ амлажээ. Харин Хятадын удирдагч Си Зинпин 2049 онд буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үед тус улс шинжлэх ухаан, техникийн салбарт дэлхийд тэргүүлэх гүрэн болох зорилт тавьсныг зарласан байна.
 
2010 оноос хойш шинжлэх ухааны судалгаа, туршилт, зохион бүтээлтийн ажилд зориулан төсөвлөсөн хөрөнгийн хэмжээ 2 дахин өссөн гэдгийг бага хурлын үеэр онцлон тэмдэглэжээ.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг