sonin.mn
 
Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэж, хүлэмжийн хийн 38 хувийг ялгаруулдаг барилгын салбар Ногоон хөгжлийн бодлогыг түүчээлэн ажиллах ёстой гэдгийг БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Төмөрбаатар өнөөдөр болсон “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хаалтын ажиллагааны үеэр онцлов.
 
 
Европын холбооны 1.9 сая еврогийн санхүүжилт, БНЧУ-ын Каритас Чех байгууллагын дэмжлэгтэй 2012-2016 онд хэрэгжсэн уг төсөл барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТ, Коллежийн оюутнуудад Европын улс орнуудын байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, нэвтрүүлсэн туршлагыг танилцуулах зорилт тавин ажилласан байна. Энэ хүрээнд нийт 700 гаруй сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ нь ирээдүйд барилгын салбарыг түүчээлэх боловсон хүчнийг ногоон хөгжлийн гарц, гаргалгааг ойлгуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгоход чиглэсэн гэдгиг Каритас Чех байгууллагаас танилцуулав.
 
Мөн төслийн хүрээнд үнсээр барилгын материал үйлдвэрлэх талаар хэд хэдэн сургалт явуулсан бөгөөд одоогоор Монголын 15 жижиг, дунд үйлдвэр энэ төрлийн бизнес эрхэлж эхэлжээ. Дээрх үйлдвэрүүд үнсэн орцтой барилгын цавуу, блок зэргийг үйлдвэрлэдэг байна. Үнс нь нунтаг, дэгдэмхий чанартай тул байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг бөгөөд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй ДЦС-уудаас гарч буй үнсийг барилгад ашиглах нь хямд, байгаль орчинд ээлтэй тэргүүний технологи гэдгийг төслийг хэрэгжүүлсэн “Свитч Ази” багийн ахлагч доктор Увэ Вэбэр хэллээ.
 
 
Тэрбээр, “АНУ-аас эхлээд олон улс үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол Улс 2015 онд  хаягдал үнсийг барилгын материалд ашиглах MNS4927:2015 стандарт баталсан. Барилгын материалд байгалийн шавхагдах нөөцөд тооцогддог элсийг их хэмжээгээр хэрэглэдэг. Тиймээс элсний оронд үнс хэрэглэснээр ДЦС-уудаас гарч буй хаягдал үнсний асуудал шийдэгдэхээс гадна, шавхагдах нөөцөө хамгаалах томоохон боломж юм. Үнсээр хийсэн барилгын бусад материалаас илүү бат бөх болдгоос гадна үнийн хувьд маш хямд.
 
Элсээр нэг уут барилгын материал үйлдвэрлэхэд 18 мянган төгрөг зарцуулдаг бол үнс ашиглахад ердөө 4 мянган төгрөгийн зардал гарна. Түүнчлэн элсийг хотын захаас тээвэрлэдэг бол үнсийг хот дотор байрлах ДЦС-аас шууд авах зэрэг олон давуу тал бий болно. Монгол Улсад үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний хэмжээ, үнэ өртгийг нарийн хэлэх боломжгүй байна. Одоогоор төслийн эцсийн судалгаа явж байгаа. Судалгааны дүн гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
 
“Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төсөл амжилттай хэрэгжсэн тул бид дараагийн алхамыг  хийхээр төлөвлөж байна. Тун удахгүй 1.5 сая еврогийн санхүүжилт бүхий “Барилгын хог хаягдлын менежмент” төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ төсөл барилгын хог хаягдлыг дахин боловсруулахад чиглэх болно” хэмээв.
Энэ үеэр БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Төмөрбаатараас зарим зүйлийг тодруулав.
 
-Барилгын салбар Ногоон хөгжлийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
 
-Ногоон хөгжил гэдэг нь зөвхөн мод, бут сөөг тарих бус хэмнэлт гэж ойлгож болно. Тиймээс Монгол Улсын барилгын салбар эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэж, хүлэмжийн хийн 38 хувийг ялгаруулдаг тул Ногоон хөгжлийн бодлогыг түүчээлэн ажиллах ёстой. Барилгын салбарын ногоон хөгжил гэхээр дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг олон зүйлийг нэрлэж болно.
 
-Дулааны алдагдал багатай барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг төрөөс хэрхэн дэмжиж байна вэ?
 
-Ногоон хөгжлийг хэрэгжүүлэхийн тулд гарцаагүй урамшууллын систем хэрэгжих шаардлагатай байна. Одоогоор ногоон хөгжлийг түүчээлсэн аж ахуйн нэгжийг урамшуулах систем байхгүй. Тиймээс одоо Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлготой уялдуулсан урамшууллын системийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
-Монголд дулаан алдагдал багасгадаг, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдэн аж ахуйн нэгж байна вэ?
 
- Ер нь бол Монголчуудын ногоон хөгжлийн бодлгыг хөгжүүлэхэд нэг жижиг саад байна. Энэ бол сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл, иргэд хог хаяхгүй байх, гэрээ дулаалахдаа эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, нүүрсэнд зарцуулах мөнгөөрөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ мэтээр ногоон хөгжлийг бий болгоход нэн тэргүүнд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.
 
-Ногоон хөгжилд хог дахин боловсруулах үйл явц тун чухал. Гэвч манай улсад энэ ажил төдийлөн хэрэгжихгүй байна?
 
-Энэ дахиад л сэтгэлгээтэй холбоотой. Худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглээд уутыг нь зүгээр хог гээд л хаядаг. Бүр хогийн саванд хийхгүй ил хаях тохиолдол олон. Гэтэл гялгар уут бол дайвар бүтээгдэхүүний түүхий эд юм. Гялгар уутыг дахин боловсруулах замаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс ногоон хөгжил иргэдийн ухамсартай салшгүй холбоотой. Үүнийг иргэдэд ойлгуулж, сэтгэлгээг өөрчилж чадвал, хог дахин боловсруулах ажил хурдацтай хөгжинө.
 
-Зөв сэтгэлгээг бий болгохын тулд төрийн зүгээс хэрхэн ажиллах вэ?
 
-Ногоон хөгжлийн бодлогын стратеги төлөвлөгөө баталсан. Энэ хүрээнд бүх шатны боловсролын байгууллагад ногоон хөгжлийн бодлогыг танилцуулах, хөгжүүлэх зэрэг арга хэмжээг цогцоор нь суулгахаар төлөвлөсөн. Насанд хүрсэн хүмүүст зориулж, ногоон хөгжил, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах хэрэгтэй.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг