sonin.mn
 
Москвагийн  Жуковскийн олон улсын  онгоцны буудлын нээлтийн ёслолын ажиллагаа болов. Уг арга хэмжээнд Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев, Тээврийн сайд Максим Соколов, Аж үйлдвэрийн сайд Денис Мантуров болон албаны бусад хүмүүс оролцов.
 
Ирэх 6 дугаар сарын 20-ны өдрөөс Жуковскийн олон улсын онгоцны буудлаас Киргизийн “Air Kyrgyzstan” нисэх компани  байнгын нислэг үйлдэх гэж байгаа  тухай  сэтгүүлчдэд  уламжлав. Мөн энэ буудлаас Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн бусад  орнууд руу нислэг хийхээр бэлтгэж байгаа аж.   
 
Түүнээс гадна Казахстаны “SCAT”, “Скай Гейтс Эйрслайнс” болон “Авиастар-ТУ” гурван компанитай тээвэрлэлтийн тухай гэрээнд гарын үсэг зурсан тухай  “Рампорт Аэро” компаний ерөнхий захирал Томас Вайшвилла нээлтийн  ёслолын  ажиллагаан дээр хэлсэн үгэндээ дурдав. “Рампорт Аэро” компани нь Жуковскийн олон улсын онгоцны  буудлын хөрөнгө оруулагч ба оператор компани юм. Одоогийн байдлаар шинэ онгоцны буудал Москва хотын хооронд тээврийн асуудал нилээд хүндрэлтэй байгаа юм. Учир нь Жуковскийн онгоцны буудал нь Раменскийн дүүрэгт Москва хотоос нилээд зайтай орших бөгөөд  нийслэл хотын  Казанский галт тэрэгний буудлаас  цахилгаан галт тэргэнд сууж нэг цаг явсны дараа автобусаар хүрэх юм. Цаашид Москвагийн бусад онгоцны буудлуудын адил хотын төвийн галт тэрэгний буудлуудаас буухиа  аэроэкспресс галт тэрэгнүүд шууд явах болно.  
 
Сонирхуулахад , Москва хотод  Шереметьево, Домодедово, Внуково гэх гурван том  олон улсын нисэх буудал байдаг бөгөөд эдгээр буудал нийлээд  жилд 119 сая зорчигчид үйлчилдэг байна.
 
Москва хот. А.Огторгуймаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг